БОЭТ-ийн үйлчилгээний талаар цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-08-31 11:07:28
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “Дэлхийн зөн” ОУБ-тай хамтран “Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө” аргачлалыг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэрэгжүүлж байна. 
Одоогоор ажлын хэсгээс ахмадууд, өсвөр насны хүүхдүүд, хөдөлмөр эрхэлж байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд БОЭТ-ийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаар цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулаад байгаа аж. Иргэдээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн орон тоог нэмэгдүүлэх, ур чадварыг сайжруулах, эмч зөрчил гаргасан тохиолдолд шударгаар хариуцлага тооцдог байх, цахим бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгүй болгох, тасгуудын уялдаа холбоог сайжруулах гэхчлэн олон асуудлыг тавиад байна. Удахгүй санал асуулгын үр дүнг нэгтгэн танилцуулах “Нүүр тулсан ярилцлага”-ыг аймгийн удирдлагууд, БОЭТ-ийн эмч, ажилтнууд, ажлын хэсгийн гишүүд, иргэдийн төлөөллийг оролцуулан хийх юм.

“Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө” аргачлал нь төрөөс үзүүлж буй үйлчилгээ иргэдэд чанар, хүртээмжтэй хүрч байгаа эсэхийг иргэдээр тодорхойлуулж, түүнийг сайжруулах боломжийг эрэн хайх ажиллагаа юм. Иргэдээс хамгийн их санал, шүүмжлэлийг авч байдаг БОЭТ-д энэхүү аргачлалыг нэвтрүүлснээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж байгаа асуудлуудыг гаргаж ирэх, тухайн асуудлыг орон нутгийн түвшиндээ шийдвэрлэх, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, бодит оролцоог нэмэгдүүлэх, БОЭТ-ийн үйлчилгээг сайжруулах зэрэг олон үр дүнд хүрэх зорилготой ажиллаж байна.
Б.Батчимэг
相关新闻