ӨВӨРХАНГАЙ: Малчид малын тэжээл, төмс хүнсний ногоо тариалж сурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-08-12 14:17:45

Арвайхээр, 2025 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. “Өрхийн тариалан – Бизнес хөгжил” ТББ-аас “Малчин – Тариаланч” төслийг Хужирт суманд хэрэгжүүлж байна. Төслөөр малчид малын тэжээл, төмс хүнсний ногоо тариалж сурахын зэрэгцээ өрхийнхөө хэрэгцээг бүрэн хангаж байгаа юм.


Төсөл 2024-2026 оны хугацаанд хэрэгжих бөгөөд сумаас жил бүр 20 га газрыг олгож, нийт 60 малчин өрх таримал хадлан, тэжээлийг бэлтгэх, төмс, хүнсний ногоо тариалах, арчлах аргачлалд суралцана.



Тариалан эрхлэх бүх зардлыг төслөөс хариуцаж байгаа ба малчид зөвхөн арчилгаа, усалгааг хийснээр өнгөрсөн жил өрх тус бүр 213 боодол өвс, 140 кг төмс, 60 гаруй кг хүнсний ногоо хураан авчээ. 


Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан газрын гарц муудаж, улмаар өвс тэжээл бэлтгэх боломж хомсдон малчдын амьдралд сөргөөр нөлөөлж байгааг тодорхой түвшинд шийдвэрлэхийн тулд дээрх төслийг Өвөрхангай аймгийн Хужирт, Архангай аймгийн Өндөр-Улаан, Төв аймгийн Баянцогт суманд хэрэгжүүлж байна.


相关新闻