Даланзадгадад Монгол, БНХАУ-ын хэвлэл мэдээллийн форум болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад Монгол, БНХАУ-ын хэвлэл мэдээллийн 9-р форум болно.
Энэхүү арга хэмжээг 2018 оны 9 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулахаар ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан билээ. Хоёр улсын хэвлэл мэдээллийн 9-р форумын бэлтгэл байдлыг хангахаар ажлын хэсэг хуралдаж нэгдсэн төлөвлөгөөг баталж, зохион байгуулалтын ажлуудыг хуваарилсан байна. Уг арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо, хамтран зохион байгуулагчаар БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хэвлэл мэдээллийн алба ажиллаж байгаа аж.
Монгол, Хятад хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор 2010 оноос эхлэн "Монгол Хятадын хэвлэл мэдээллийн форум"-ыг зохион байгуулж ирсэн байна. Энэ удаагийн форумд нийтдээ 200 сэтгүүлч оролцох юм.
Д.Мишигсүрэн