Дэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн хамт олныг Манжуурт аялуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-20 22:41:54
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Алтай нутгийн үүд хаалга гэгдэх Дэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцан, тус төвийн хамт олныг хувийн зүгээс Манжуурт аялуулахаар боллоо. 
Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд нь наймдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тойрогтоо ажиллаж буй бөгөөд энэ өдрүүдэд Говь-Алтай аймгийн удирдлагуудын хамт тойргийнхоо зарим сумдад ажиллаж буй юм. Тодруулбал тус ажлын хэсгийнхэн Дарив, Дэлгэр сумдад ажиллан төрийн байгууллагын үйл ажиллагаа хийгээд иргэд хөдөлмөрчидтэй уулзав. Тэрээр цаашид төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэд нийтэд түргэн шуурхай хүргэх зорилтыг тавьж, тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэн ажиллана хэмээлээ. 
Түүнчлэн эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Д.Бат-Эрдэнийг төрийн дээд “Алтан гадас” одонгоор, Н.Даваахүү, С.Мөнхцэцэг нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнасныг Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд гардуулан баяр хүргэв. 
 
Э.Нарангэрэл
 
相关新闻