"Эпирок Монгол" компани дөрвөн өрхийг орон гэртэй болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-08 14:27:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Эпирок Монгол" компани Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон дөрвөн айлд таван ханатай гэр хандивлалаа.

Компанийн зүгээс үерт нэрвэгдсэн багуудын Засаг дарга нарын саналыг авч, мөн өөрсдөө газар дээр нь ажиллаж нөхцөл байдалтай танилцсаны үндсэнд Өлгий сумын хоёрдугаар багийн иргэн Б.Нэрбиш, Х.Бодапберген, гуравдугаар багийн иргэн Я.Мөнхнасан, арван хоёрдугаар багийн иргэн Б.Жанабил нарын гэр бүлийг сонгож авсан аж.

Энэ талаар тус компанийн менежер Т.Баяраас тодруулахад: "Манай компани бол Швед Улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд амьжиргааны түвшин доогуур айл өрх, байгалийн гамшигт өртсөн байгууллага, ард иргэд, төлбөрийн чадамжгүй оюутнуудад дэмжлэг үзүүлдэг. Энэ удаад компанийн удирдах зөвлөлөөс Баян-Өлгий аймгийн иргэдэд 10 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн гэрийг орон гэргүй болсон иргэдэд олгож байна" гэлээ.

Тусламжийн гэрийг өчигдөр иргэдийн сонгосон газарт нь хүргэж хүлээлгэж өгсөн байна. 

Ө.Нурболат

相关新闻