Нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөл үерт автсан дөрөвдүгээр цэцэрлэгт хандив өргөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс үерт нэрвэгдсэн Өлгий сумын хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэгт нэг сая төгрөгийн хандив өргөжээ.
Энэ талаар тус зөвлөлийн хүндэт тэргүүн Д.Наранцэцэгээс аймгийн Засаг дарга А.Гылымханд ирүүлсэн албан бичигт дурдсан байна. Тэрээр албан бичигтээ: "Бид үер усны гамшигт танай аймаг илүү ихээр өртөж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдэн сэтгэл санаа болон эд материалын дэмжлэг үзүүлэхээр "Зовох цагт сэтгэлийн дэм" аяныг Улаанбаатар хотын Эмэгтэйчүүдийн зөвлөл, Дүүргийн эмэгтэйчүүдийн зөвлөлүүд болон дэмжигч гишүүдийнхээ дунд өрнүүлсэн билээ.
Эх орны маань баруун хязгаарт орших казах ард түмний минь хүүхдүүд өсөн хүмүүждэг улсын дөрөвдүгээр цэцэрлэгт учирсан хохиролд зориулан сэтгэлийн дэм болох нэг сая төгрөгийг нийслэлийн эмэгтэйчүүдийн төлөөлөл бид хандивлаж байна" хэмээж, хандивын мөнгийг ямар нэгэн суутгалгүйгээр цэцэрлэгийн хүүхдүүдийн ор дэвсгэр, хөнжил гэх мэт зүйлүүдэд зарцуулахыг хүссэн байна.
Дашрамд дурдахад, өнгөрсөн сарын 14-16 оны өдрүүдэд буусан уулын үерийн улмаас Өлгийн сумын хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэгт 20 гаруй сая төгрөгийн эд материалын хохирол учраад байгаа юм.
Ө.Нурболат