Үерийн улмаас үүссэн хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нутгаар 7 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагаас 28-ны өдрийн 15 цаг 20 минут хүртэл хугацаанд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас буусан үерийн улмаас үүссэн хохирлын хэмжээг хараахан тогтоогоогүй байна.
Уг байгалийн гамшигт үзэгдлийн талаарх мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад аймгийн төв Даланзадгадын Далан багийн орон сууцны 4 байшингийн зоорийн давхар үерт автжээ. Онцгой байдлын газрын 23 алба хаагч, 5 автомашин, ЗДТГазрын 15 алба хаагч, 3 автомашин, “Өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн 7 хүн, 7 техник, нийт 45 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр үерийн усыг соруулж зайлуулсан байна. Мөн Дундсайхан багийн 5, 7 дугаар гудамжны цэвэр усны шугам, сүлжээний шуудуу цөмөрч 4 автомашин нүх рүү орсон, 15 автомашин ус, шаварт суусан, нийт 7 багийн 18 хашаа, 13 гэр усанд автсан зэрэг 68 дуудлага ирсжээ.
Мөн аймгийн Засаг даргын захирамжаар Даланзадгад-Улаанбаатар, Даланзадгад-Баяндалай чиглэлийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ үеэр түр хугацаагаар хязгаарласан байна. Одоогоор бүх чиглэлд зам нээсэн бөгөөд Даланзадгад Баяндалайн чиглэлийн хатуу хучилттай авто зам эвдэрсэн тул шороон замаар зорчиж байгаа аж.
Мөн 27-оос 28-нд шилжих шөнө тус аймгийн Баяндалай сумын Баян багийн “Ховил” гэдэг газар аймгийн төвөөс баруун хойт зүгт 75 км-т малчин Э-ын 1700 толгой бог мал, гэр, хороо бууцтайгаа үерт урссан байна. Тухайн дуудлагын дагуу Онцгой байдлын аврагчид 9 алба хаагч, 1 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 6 хүн, 3 автомашинтай, нийт 15 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр очиж, 1000 орчим малыг олсны 100 гаруй бог мал хорогдсон байжээ. Одоогоор үлдсэн малыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тухайн газарт хорогдсон малыг устгах ажлыг өнөөдөр хийх ажээ.
Д.Мишигсүрэн