Өмнөговьд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Даян хааны талбайд худалдаалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-07-21 19:26:08
Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн ХХҮГ-аас санаачлан Өмнөговьд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрийнх үнээр борлуулах ажлыг зохион байгуулж байна. Гадаад, дотоодын жуулчдад зориулан Нутгийн удирдлагын ордны өмнөх талбай буюу Даян хааны талбайд таван ханатай гэр барин Өмнөговийнхны бүтээгдэхүүнийг борлуулж байгаа юм.
Тус худалдаанд 40 гаруй иргэн, аж ахуй нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа ажээ. Уг худалдааг эрхлэн явуулж буй Б.Баттогоо хэлэхдээ "Энд хөл хөдөлгөөн ихтэй учраас борлуулалт сайн байгаа. Гадаадын жуулчид гэхээсээ дотоодын аялагчид худалдаа их хийж байна. Ялангуяа бэлэг дурсгалын болон Тангад ра ХХК-ийн цайны иж бүрдэл, Галтууд ХХК-ийн хармагны саван гүйлгээ сайтай байгаа. Миний хувьд худалдааны байгууллагад 50 гаруй жил ажилласан, одоо тэтгэвэртээ суугаа болохоор гэртээ байгаад байхгүй ингээд хийж сурсан ажлаа хийх нь сайхан байна. Энд байгаа бүх барааг үйлдвэрийнх нь үнээр борлуулдаг, би өөрөө борлуулалтынхаа 10 хувиар цалинжиж байгаа " гэлээ. 
Өмнө нь уг худалдааг өөр газруудад байрлуулж байсан боловч борлуулалт төдийлөн сайн байгаагүй гэж тэрээр нэмж хэлсэн юм.
Энэ сарын 6-аас эхэлсэн дээрх арга хэмжээ ирэх сарын 15 хүртэл үргэлжлэх юм байна. 
Д.Мишигсүрэн
相关新闻