Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өндөрлөж, үндэсний бөхийн барилдаан эхэллээ.
Энэ жилийн наадмын дэвжээнд Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр зүүнийг магнайлан гарч ирсэн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням барууныг магнайлан гарч ирж Үндэсний бөхийн нэгийн даваа ёслол төгөлдөр эхэлж наадамчин олноо баясгалаа.
Үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээн дээр хүчийг үзэн, уран мэхээ уралдуулан барилдахаар 512 бөх бүртгүүлсэн бөгөөд энэ наадамд улсын цолтой 88 бөх байна. Тэднээс аварга цолтон 5, арслан 9, гарьд 6, заан 9, харцага 17, начин цолтой 42 бөх барилдаж байна.
Д. Өлзий