Насанд хүрэгчдийн шатрын УАШТ-ий шигшээ тэмцээн Баянхонгорт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Шатрын 2025 оны Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээний шигшээ тэмцээн өнөөдөр Баянхонгор аймагт эхэлж байна.
Шигшээ тэмцээний нээлттэй ангилалд их мастер С.Билгүүн, Б.Гүндаваа, олон улсын мастер Ү.Агьбилэг, Х.Итгэлт, М.Амилал, С.Ган-Эрдэнэ, С.Чингүүн, Г.Амартүвшин ФИДЕ мастер Х.Өлзийхишиг, Ц.Лхагвасүрэн, Н.Содбилэгт, Э.Баасансүрэн нар өрсөлдөх юм.
Харин эмэгтэйчүүдээс их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, олон улсын мастер Б.Баярмаа, ФИДЕ мастер Э.Энхрий, Э.Хүслэн, кандитат мастер Б.Мөнгөнзул, Э.Эмүжин, Н.Содгэрэлт, Х.Баясгалан, Э.Зол-Учрал, залуу тамирчин М.Маргад, Ш.Оюунгэрэл нар шигшээд өрсөлдөхөөр Баянхонгорт очжээ.
Насанд хүрэгчдийн УАШТ-д өрсөлдөх хамгийн залуу тамирчин нь 14 настай ФИДЕ дэд мастер Н.Содгэрэлт, М.Маргад, кандитат мастер Э.Зол-Учрал нар аж. Тэгвэл хамгийн ахмад нь их мастер Б.Мөнгөнтуул, Б.Гүндаваа нар юм.
Ташрамд дурдахад, өнгөрсөн жилийн УАШТ-ий нээлттэй ангилалд олон улсын мастер Г.Амартүвшин, эмэгтэйчүүдэд их мастер Т.Мөнхзул нар түрүүлсэн бөгөөд тэд энэ удаа аварга цолоо хамгаалахын төлөө тоглоно.