Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр чидаоба бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-27 10:52:34

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Гүржийн Тбилиси хотод чидаоба бөхийн 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, манай улсаас гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль хүртлээ.


Энэхүү тэмцээнд 50 орчим орны тамирчид оролцсоноос гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр долоо барилдахдаа зургаа ялж, нэг ялагджээ. Тэрбээр эхлээд Италийн, хоёрдугаар тойрогт Туркменистаны бөхийг цэвэр ялсан, Улмаар Латвийн бөхийг хоёр, АНУ-ын бөхийг дөрөв, нутаг нэгт бөх олон улсын хэмжээний мастер Х.Цогтгэрэлийг нэг, Узбекистаны бөхийг хоёр онооны зөрүүтэй буулган авснаар финалд шалгарсан байна. Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны бөх Саба Инанэшвилид нэг онооны зөрүүтэй ялагдсанаар мөнгөн медаль хүртжээ. Жүдогоор ДАШТ болон Армийн дэлхийн аваргаас медаль хүртсэн түүний хувьд дахин өөр нэг бөхийн төрлөөр ДАШТ-ээс медаль хүртэж байгаа нь энэ.


Чидаоба нь гүржүүдийн үндэсний бөхийн төрөл бөгөөд дасгал нь бөх, хөгжим, бүжиг, тусгай хувцас (чокха)-ны элементүүдийг хослуулдгаараа онцлогтой. Энэхүү бөхийн төрлийг 2018 онд ЮНЕСКО-д бүртгэжээ. Чидаоба бөх нь Гүржийн бүх бүс нутаг, тосгон, суурин газрын эрэгтэйчүүдийн олонх нь хичээллэдэг эртний тулааны урлагийн нэг төрөл байжээ. Хожим нь бөхийн спортын нэгэн төрөл болгож хөгжүүлсэн байна.

相关新闻