Өвөрхангай аймгийн баяр наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-07-10 20:21:43
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангайчууд  Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 87, Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн мэндэлсний 140 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа өнөөдөр өргөн дэлгэр эхлүүлэн тэмдэглэж байна.
Шандаст хурдан хүлгүүд нь шижир алтан зурхайд тоосоо өргөж, сур мэргэн харваачид нь салхи зүсэн огторгуйд нумаа эвшээлгэж, чац аралт бөхчүүд нь зүлэг ногоон дэвжээнд бяр тэнцэж, хур асгаран аялгуу эгшиглэн Өврийн сайхан хангай нутагт түүхийн хуудас нэгээр нэмэгдэж байна.

Баярын арга хэмжээ Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн, Улсын Бага хурлын анхны дарга, Ерөнхий сайд П.Гэндэн нарын хөшөөнд цэцэг өргөн, Есөн хөлт цагаан тугаа цэнгэлдэх хүрээлэнгийнхээ төв цэгт залж, Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын ерөөлийг бэлгэдсэнээр эхлэв.
Наадмын үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Г.Ганболд үг хэлэхдээ, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн мэндэлсний 140 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэж, Олон Улсын түвшинд баталгаажуулахаар хичээн зүтгэж ирснийг дурдаад энэхүү түүхэн хүмүүний их ойг тэмдэглэж буйдаа байртай байгаагаа илэрхийлэв. Мөн ард иргэдийнхээ ажилч хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд Өвөрхангай аймаг жилээс жилд хөгжин дэвшиж байгааг онцоллоо.

Арвайхээр цэргийн хүрээний цэргийн болон цэрэгжсэн байгууллагуудын ёслолын жагсаал, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн тоглолт, бамбар асаах ёслол, “Дээлтэй Өвөрхангайчууд” арга хэмжээгээр наадмын нээлтийн ажиллагаа үргэлжилсэн юм.
Баяр наадамд хүчит 256 бөх зодоглож, зургаан насны морьд уралдаж байна. 
 
Б.Батчимэг
相关新闻