"Орон нутгийн замын хөдөлгөөний соёл 2018" аян нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-07-09 10:59:53
Дундговь /МОНЦАМЭ/. Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газраас улсын хэмжээн зохион байгуулж буй “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2018” аяны Дундговь аймаг дахь нээлтийн үйл ажиллагаа болох нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 7-ны өдөр боллоо.

Тус аяныг Дундговь аймгийн Цагдаагийн газар, ИТХ, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл”-өөс хамтран аймгийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүд, орон нутгийн замаар дамжин өнгөрч буй жолооч зорчигчдод замын хөдөлгөөний дүрэм, хуулийн хэрэгжилтийг хангуулах, сурталчлах чиглэлээр арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Тус өдөрлөгт Авто тээврийн үндэсний төв, Нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн байгууллагууд, Онцгой байдлын газар, даатгалын компаниуд, жолооны курсууд оролцож эрүүл мэндийн анхан шатны үзлэг, зөвлөгөө, техникийн үзлэг, жолооны курсын бүртгэл, даатгалын үйлчилгээнүүдийг олон нийтэд нээлттэй, нэг цэгээс авах боломжийг олгожээ.

Амралт зугаалга, аялал жуулчлалын улирал эхэлж замын хөдөлгөөнд оролцогчдийн эрчим нэмэгддэгтэй холбоотойгоор тус аяны хүрэнд Авто тээврийн үндэсний төв, хил залгаа аймгуудын замын цагдаагийн тасгуудтай хамтран орон нутгийн замд хяналт шалгалтыг эрчимжүүлэн хурд хэмжигч багажаар замуудад тогтмол хяналт, шалгалтыг хийн ажиллаж байна. Мөн зам засварын АЗЗА компаниар орон нутгийн 300 км замын эвдрэл гэмтдийг нөхүүлэх, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах ажлууд хийгдэж байгаа юм.

Дундговь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Сугаржав “Зам тээврийн ослын улмаас хохирсон, амь насаа алдсан иргэдийн дийлэнх хэрэг, зөрчлүүд орон нутгийн замд гардаг. Бид тус аяны хүрээнд ялангуяа орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлийн ажлуудыг эрчимжүүлэн ажиллаж байна. Орон нутгийн зам тээврийн ослын ихэнх тохиолдолд хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг илрүүүлэх, дүрэм зөрчсөн иргэдэд торгуулийн арга хэмжээг чангатгах чиглэлийн арга хэмжээг эхлүүлээд явж байгаа бөгөөд зам засварын ажлууд мөн хийгдэж байгаа” хэмээн ярилаа.
 
“Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2018” аян нь 6-р сарын 05-наас 10-р сарын 01-ийг хүртэл дөрвөн сарын хугацаатай үргэлжлэх аж.
Б.Ундармаа
相关新闻