Тайваний Боловсролын сангийн тэтгэлгээр суралцах хүүхдүүдэд эрхийн бичгийг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-07-05 17:22:08
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ИТХ, Боловсрол, соёл урлагийн газраас “Глобал удирдагч” дээд сургуультай хамтран Монгол, Тайваний Засгийн газрын хэлэлцээрийн дагуу боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Өнөөдөр Өвөрхангай аймгаас 20 гаруй хүүхэд тус улсад суралцахаар эрхийн бичгээ гардан авлаа. Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хэлэхдээ “ИТХ-аас 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан ба энэ хүрээнд хүүхэд, залуучуудыг сурч боловсрох орчин нөхцөл, боломжоор хангахад анхаарч ажиллаж байна. Нөгөөтэйгүүр аймгийн удирдлагууд нь ирээдүйд нутаг орноо авч явах чадварлаг боловсон хүчинг бэлтгэх үүрэгтэй. Тиймээс Өвөрхангай аймгийнхаа хөгжил, дэвшлийг үргэлжүүлэн авч явах түүчээ болсон залуучуудад гадаадын улс орнуудтай хамтран өндөр боловсрол эзэмшүүлэх зорилго тавин ажиллаж байгаа” гээд хүүхдүүдэд биеэ дайчилж, цаг нартай уралдан хөдөлмөрлөж, сайн сураарай хэмээн захив.
БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн “Хамгийн шилдэг, зорилгоо оновчтой тодорхойлсон манлайлагч хүүхдүүд энд ирсэн гэж ойлгож байна. Энэ удаагийн элсэлт гарааны жил учраас цаашдын үргэлжлэл та бүхнээс шалтгаална” гээд хувь хүн, нутаг орон, улсынхаа нэрийг бодож, хүний газар нэг нэгнээ хайрлаж, хамтарч суралцахыг хүсэв.
Тайваний Боловсролын сангийн тэтгэлэгт сургалт нь эхний жилд хэлний бэлтгэлээр 100 хувийн тэтгэлэгтэй суралцаж, дараа жилүүдэд тухайн сурагчийн голч дүнгээс шалтгаалан 50-100 хувийн тэтгэлэг олгоно. Энэ нь хүүхдийг сайн сурч, эрдэм мэдлэг эзэмших нэг хөшүүрэг болдог аж.
Б.Батчимэг
相关新闻