Орхон аймгийн хүн амын 18 хувь нь газраа өмчилж авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-07-02 18:51:32
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /ГХБХБГ/ газар өмчлөл болон 2018 оны эхний хагас жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцуулсан хэвлэлийн бага хурал хийлээ.
2003 оноос хэрэгжиж эхэлсэн “Газар өмчлүүлэх тухай” хуулийн хүрээнд Орхон аймагт гэр бүлийн зориулалтаар 1460.6 га газрыг 18.756 иргэнд Засаг даргын захирамжаар өмчлүүлсэн байна.

Энэ нь 20.631 өргөдлийн 90.9 хувийг шийдвэрлэсэн гэсэн үг юм. Орхон аймгийн нийт хүн амын 18.45 хувь нь газраа өмчилсөн бол нийт 28 мянган өрхийн 65.34 хувь нь газраа өмчилж авсан байна. Тус аймаг 100 гаруй мянган хүн амтай юм. Үүнээс 16.950 иргэн газраа Эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлд  бүртгүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах эрхтэй болжээ. Түүнчлэн Баян-Өндөр сумын 17.956 иргэн 1334.76 га газрыг, Жаргалант сумын 800 иргэн 125.84 га газрыг өмчилсөн бол 14.241 иргэн  /2018 оны байдлаар/ хамтран өмчлөгчөөр эзэмшиж байсны  3314 –ыг хамтран өмчлөгчөөс нь салгасан байна.
Ирэх оноос “Газрын кадастрын нэгдсэн сан” ашиглалтад орсноор иргэд цахимаар газар өмчилж авсан болон аваагүй тухай тодорхойлолтоо авч болох ажээ. Одоогоор ГХБХБГ-аас албан бичиг авч байгаа гэнэ. Монгол Улсын иргэн хаана ч газар өмчлөх эрхтэй бөгөөд иргэд тухайн аймагтаа шилжин ирсэн тохиолдолд л газар өмчилж авна гэсэн ташаа ойлголттой байдаг гэнэ.
Түүнчлэн “Газрын кадастрын нэгдсэн сан”-аас иргэд цахимаар аль нэг газрын байршил, эзэмшил, өмчлөлийн мэдээлэл авах бол “Газрын бирж”-ээс газрын дундаж үнэ, худалдааны бүх мэдээллийг авах ажээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн онд Улсын Мэргэжлийн хяналтын газар, Орхон аймгийн Төрийн Аудитын газар хамтран зөвшөөрөлгүй газарт үйл ажиллагаа эхлүүлсэн 11 аж ахуйн нэгж, иргэний газар өмчлөх эрхийг цуцалж акт үйлдэн улсын төсөвт 200 сая төгрөг төвлөрүүлэхээс 65 саяыг нь төвлөрүүлжээ.  
Б.Оюун-Эрдэнэ

相关新闻