Тэргүүлэгчид анх удаагаа хөдөө орон нутагт хурлаа хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид анх удаагаа хөдөө орон нутагт хурлаа хийлээ.
Тус аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тэр дундаа аймгийн зүүн бүсийг дотоодын болон хил орчмын, хил дамнасан, тусгай сонирхлын аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх зорилгоор энэхүү хуралдааныг зохион байгуулсан байна. Манлай сумын Өгөөмөр багийн нутагт орших Шар цавын нураанд уг харулдааныг хийсэн бөгөөд энэхүү газар нь палеонтологи, геологи, түүх, археологийн чиглэлээр Монголын төдийгүй дэлхийн эрдэмтэн судлаачид, аялагч жуулчлагчдын анхаарлыг татаж байгаа одоогоор дэлхийд гуравт, төв азидаа анхдагч нь болоод байгаа үлэг гүрвэлийн мөр бүхий олдворт газар юм байна.
Тэргүүлэгчид тус хурлын өмнө аймгийн 2017 оны есөн алдартан Манлай сумын малчин Х.Улам-Өсөхийнд зочилж хөдөөний малчин айлын ажилсаг хөдөлмөрч байдалтай танилцаж, сумын үзэсгэлэнт газрууд болох баян булгийн 1000 хайлаастай гол, тооройн төгөл, ренцэн бумба загастай чулуу, сүйхэнтийн чулуужсан мод зэрэг аялал жуулчлалаар ирсэн гадаадын болон дотоодын аялагчид үзэж сонирхох боломжтой газруудыг үзэж сонирхон, танилцаж явсны дараа Тэргүүлэгчид хуралдаж бодлого шийдвэрээ гаргажээ. Тус Тэргүүлэгчдийн хурлаар “Шар цав, хүрдэт агуйн соёлын өвийн менежментийн төлөвлөгөө"-ний дагуу 2018-2019 онд хийх ажилтай танилцаж, уг төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэн ажиллахаар болжээ. Аймгийн нутаг дэвсгэр дэх палеонтологи, геологи, түүх, археологийн олдворыг судлах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад болон зүүн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн ажлыг шийдвэрлэн ажиллахыг аймаг, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн Өмнөговь аймагт Монгол Улсын Шинжлэх ухааны академийн говийн бүсийн салбар Говь судлалын төв байгуулах тухай академийн хүсэлттэй танилцаж байгуулах хүсэлтийг дэмжлээ. Мөн элсэн манхны баяр арга хэмжээг Сэврэй сумын Сайншанд багийн нутагт орших Хонгорын элс, Дуут манхны орчимд жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь долоо хоногийн бямба, ням гарагуудад зохион байгуулж байхаар, хайлаасны баяр арга хэмжээг жил бүрийн 4, 10 дугаар саруудад буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бүх нийтээр мод тарих өдрөөр олон нийтийг хамруулан өргөн хүрээтэй зохион байгуулж байхаар шийдвэрлэлээ. Тус хулын үеэр Шар цавд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн Олон улсын геологийн шинжлэх ухаан, геопаркууд хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга тэргүүтэй гадаадын болон дотоодын эрдэмтэн судлаачид, Монгол Улсын Шинжлэх Ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэн, түүх, археологийн хүрээлэн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Ашигтмалтмалын хэрэг эрхлэх газрын бүрэлдэхүүнийг хамруулсан судалгааны баг Монгол Улсад дэлхийн геопарк байгуулах боломжит газрууд судалж Шар цавтай танилцаж ажиллах үед тааралдаж, Монголын говьд геопарк байгуулах боломжит нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцлаа.
Д.Мишигсүрэн