“Эрдэнэт мандал” овоог тахиж, шарга адуу сэтэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-06-27 11:23:27
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ ХХ зууны манлай бүтээн байгуулалт, Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эхний ээлж ашиглалтад орсны түүхт 40 жилийн ой тохиож байна. Үүний хүрээнд өнөөдөр өглөө “Эрдэнэт мандал” овоог тахилаа.
“Эрдэнэт мандал” овоог “Эрдэнэт үйлдвэр” ХХК 1991 оноос хоёр жил тутам тахиж ирсэн юм. Тахилгын үеэр байгаль дэлхий, уул, ус, лус савдгаа аргадаж үйлдвэрийн ажилчид болон Орхон аймгийн иргэдийн сайн сайхны төлөө лам хуврагууд ном айлддаг юм. Энэ удаа 40 жилийн ойг тохиолдуулан залуу уяач Н.Батбаярын шарга адууг сэтэрлэж, Гандантэгчилэн хийдийн лам нар ном айлдлаа.
“Эрдэнэт мандал” овоо нь анх Тосгонд байсныг 1980–аад онд баруун хойно нь шилжүүлж түүнээс хойш үйлдвэрийн ажилчид уг овоог тахиж, шүтсээр ирсэн гэж  төр, шашны гавъяат зүтгэлтэн З.Гончигжав хэлсэн юм.  Мөн овооны ойр орчмыг моджуулж нөхөн сэргээсэн байна.
Түүхт 40 жилийн ойн хүрээнд өчигдөр орой “Долоон бурхан од” тахих ёслол үйлдсэн юм. 
“Эрдэнэт үйлдвэр” ХХК түүхт 40 жилийн хугацаандаа 4 сая 200 мянган тонн зэс үйлдвэрлэжээ. Уг зэсийг мөнгөн дүнд шилжүүлбэл  10200 цэцэрлэг, 5100 сургууль, 2250  эмнэлэг барих хэмжээний хөрөнгө юм.
Б.Оюун-Эрдэнэ

相关新闻