Н.Нарантуяа: Аймагтаа “Хичээлийн судалгааны нийгэмлэг”-ийн дэд зөвлөл байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ “Говь-Алтай аймгийн төрийн үйлчилгээ хүүхдийн нүдээр” судалгаат хичээлийн илтгэлээрээ Япон улсад туршлага судлах хөтөлбөрийн орон нутгаа төлөөлөн оролцсон тус аймгийн Есөнбулаг сумын Монгол Улсын гавьяат багш Б.Гомбын нэрэмжит Улсын тэргүүний Үндэсний лаборатори нэгдүгээр сургуулийн Түүх нийгмийн багш Н.Нарантуяатай Япон орны боловсролын систем хийгээд судалгааны ажлынх нь үр дүнгийн талаар онцлон ярилцлаа.
Түүний Нийгмийн ухааны хичээлээр бэлтгэсэн шавь нар нь жил бүрийн ЭЕШ-д дээгүүр амжилт үзүүлдэг төдийгүй аймагтаа “Хичээлийн судалгаа”-г нэвтрүүлэн түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй чадварлаг багшийн нэг юм. “Говь-Алтай аймгийн төрийн үйлчилгээ хүүхдийн нүдээр” судалгаат хичээлийн илтгэлээрээ Япон улсад туршлага судлах хөтөлбөрийн шалгуурыг ханган Монгол Улсаас явсан 14 багшийн нэг болон аймгаа төлөөлөн оролцоод ирсэн юм.
Түүний Нийгмийн ухааны хичээлээр бэлтгэсэн шавь нар нь жил бүрийн ЭЕШ-д дээгүүр амжилт үзүүлдэг төдийгүй аймагтаа “Хичээлийн судалгаа”-г нэвтрүүлэн түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй чадварлаг багшийн нэг юм. “Говь-Алтай аймгийн төрийн үйлчилгээ хүүхдийн нүдээр” судалгаат хичээлийн илтгэлээрээ Япон улсад туршлага судлах хөтөлбөрийн шалгуурыг ханган Монгол Улсаас явсан 14 багшийн нэг болон аймгаа төлөөлөн оролцоод ирсэн юм.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны танилцуулгаар ярилцлагаа эхэлье?
-Би Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 1969 онд төрсөн. Түүх, нийгэм судлалын багш мэргэжилтэй, тэргүүлэх зэрэгтэй, боловсролын магистр. Хүүхэд байхаасаа л “багш “ болно гэж мөрөөдөж явсаар зорилгодоо хүрч, боловсролын байгууллагад тасралтгүй 25 жил ажиллаж байна.
-Багш нарын хичээлийн судалгааны илтгэлийн уралдаанд “Говь-Алтай аймгийн төрийн үйлчилгээ хүүхдийн нүдээр” гэсэн сэдвээр шагналт байрт шалгарч Япон улсад туршлага судлаад ирсэн. Таны сэдэв их сонирхолтой санагдаж байна л даа?
-Хичээлийн бэлтгэл судалгааны хүрээнд 10 дугаар ангийн “Төрийн алба” нэгж хичээлийн “Иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээ“ ээлжит хичээлээр сурагчид өөрийн орон нутгийн төрийн үйлчилгээний /Нэг цонхны үйлчилгээ, Хөдөлмөрийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, МСҮТ, Цагдаагийн хэлтэс/ байгууллагуудад очиж тухайн байгууллагынхаа талаар мэдээлэл цуглуулан боловсруулж, үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамжийн судалгаа аван өөрсдийн байр суурийг илэрхийлж мэдлэг бүтээсэн. Хичээлийн судалгааны энэхүү илтгэлээрээ Говь-Алтай аймгийн боловсрол, хүүхэд багачуудын авьяас чадвар, төр захиргааны байгууллагын хамтын ажиллагааг үндэсний хэмжээнд таниулан сурталчилсандаа би баяртай байдаг.
-Багш зөвхөн заах биш сургалтын үйл явцад хүүхдийг чиглүүлэн дэмжлэг үзүүлж, өөрсдөөр нь судлан таниулж буй хичээлийн судалгааны арга барил нь нэлээд шинэлэг санагдаж байна. Уг аргын ач холбогдлын талаар ярилцвал?
-Тийм ээ, судалгаат хичээлийн шинэлэг тал судлагдахуунаар олж авсан мэдлэг чадвар, хандлагаа ашиглан өөрийн орон нутгийн төрийн байгууллагуудаас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжид өөрийн үнэлэлт өгөх, орон нутгийн нийгмийн амьдрал болон хөгжилд хувь нэмрээ оруулах, төрөлх хот, сум, аймгаа мэддэг болох түүгээрээ бахархах идэвхтэй, оролцоотой, ёс суртахуунтай иргэн төлөвшүүлэхийг зорьж буй явдал юм. Мөн практик байдлаар хичээлээ явуулснаар хүүхдийн өөрийнх нь амьдралд тохиолдож байгаа сонирхолтой, тулгамдсан асуудлуудыг өөрөө оролцон хамтран шийдэх орчин нөхцөлийг тэр бүр бүрдүүлж чадахгүй байгаа байдлыг арилгаж чадсанд ач холбогдол нь оршиж байгаа. Түүнчлэн хүүхдүүд маань эрэл хайгуул хийх, асуудлыг олж харах, шийдлийн гарцыг тодорхойлох, эргэцүүлэн бодох явцдаа ангийн найзууд, багш, байгууллагуудын нийгмийн ажилтан, орон нутгийн иргэд, эцэг эхтэйгээ хамтран асуудлыг шийдвэрлэж байсан нь ихээхэн ач холбогдолтой байлаа.
-Судалгаат хичээлийн үр дүн сурагчдад ямар өөрчлөлт гарав?
-Судалгаат хичээл нь суралцагчийн хувьд их сонирхолтой, хөгжилтэй төдийгүй тодорхой дүрэм журамд баригдалгүй явагддаг учраас санаачлагатай оролцох боломжийг тэдэнд олгодгоороо давуу байлаа. Энэ явцад асуудал шийдвэрлэх, эргэцүүлэн тунгаан бодож шийдвэр гаргах, бие даан суралцах хамтран ажиллах, харилцаа холбоо тогтоох гэх мэт суралцагчийн амьдрах чадварууд давуутай хөгжиж байсан. Суралцагчид нийгмийн судалгааны энгийн аргуудыг хэрэглэж судалгаа хийж боловсруулах тодорхой арга барилтай болсон. Мөн сурагчид энэ хичээлийн үр дүнд өөрийн орон нутгийн иргэдэд чиглэсэн төрийн байгууллагуудын үйлчилгээний чанарт өөрсдийн байр сууринаас ажиглалт судалгаа хийж, төрийн үйлчилгээнд хийгдэж буй зарим шинэчлэлүүдээс мэдлэг бүтээх үйлийг амжилттай хийж гүйцэтгэж байгаа юм. Түүнчлэн төрийн үйлчилгээг хүүхдүүд танхимд, сурах бичгийн хүрээнд судлах төдий байсан нь эргээд хүүхдэд өөрт нь тулгамдсан асуудлаа шийдэхэд бэрхшээлтэй байгаа байдлыг арилгахын тулд танхимын бус буюу хүүхдээр өөрсдөөр нь судалгаа хийлгэж мэдлэг бүтээлгэсэн нь уг асуудлыг бие даан шийдвэрлэхэд дөхөм болсон.
-Хүүхдүүдэд үр өгөөжөө өгсөн судалгааны хичээлд эцэг эхчүүдийн хандлага ямар байв?
-Сурагчид сурах зорилгоо өөрөө ухамсарласнаар эцэг эхчүүд шахаж шаардах хэрэггүй болж, хүүхдийнхээ суралцах үйл ажиллагаа, сургалтад сэтгэл хангалуун болсон. Сургалтын явцад эцэг эхчүүд өөрсдийн хүсэлтээр дэмжин тусалж байсан нь сургуулийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлсэн төдийгүй сурагчдад сонирхолтой байж зарим нэгэн чадваруудаа хамт олон, багш нар, эцэг эхдээ харуулах боломжийг олгосон.
-Хүүхдүүд судалгаа хийж мэдлэг бүтээх үйл явцад тухайн байгууллагууд хэрхэн хандаж байсан бэ. Хүндрэл бэрхшээл тулгарч байв уу?
-Сонгож очсон байгууллагуудын удирдлага, нийгмийн ажилтнууд хүүхдүүдийг таатай хүлээн авч тусалж тайлбарлаж байлаа. Мөн хүүхдүүд байгууллагад очсоноор тухайн байгууллага үйл ажиллагаагаа сурталчлан таниулах боломж бүрдэж байгаа юм. Хүүхдүүд удирдамжийн дагуу тухайн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан. Энэ нь хүүхдүүдэд дадал хэвшил болоогүй шинэлэг зүйл байсан болохоор багахан бэрхшээл тулгарч байсан л даа. Гэхдээ орон нутгийн төрийн байгууллагыг сургалтын орчин болгож ашиглах уг хичээлийн судалгааг уламжлал болгон хийж хэвшсэнээр тулгарч байсан асуудлуудаа шийдэж чадсан.
-Токио хотод “Хичээлийн судалгааны арга зүй” сургалтад аймгаа төлөөлөн оролцсон. Тус улсын сургалтын арга зүйг нэлээд судалсан болов уу. Аймагтаа нутагшуулмаар сайн туршлагын талаар?
-Японд үүсч хөгжсөн хичээлийн судалгааны арга нь манай боловсролын салбарт нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч цаашид улам хөгжүүлэх, нутагшуулах хэрэгцээ шаардлага бидний өмнө тавигдсаар байна. Хичээлийн судалгаа нь сурагч төвтэй суралцахуйг бүтээх нэг хэрэгсэл учраас дэлхийн олон оронд хичээлийн судалгаагаар дамжуулан багшлахуйн болон суралцахуйн чанарыг сайжруулах судалгааны чиглэл түлхүү хөгжиж байна. Ийм ч учраас Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь Монголын хичээлийн судалгааны нийгэмлэгтэй хамтран “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй“ онол практикийн бага хурлыг жил бүр зохион байгуулдаг юм. Миний бие 2016 оноос хойш судалгаат хичээлийн илтгэлээр амжилттай оролцсоны дүнд Япон улсын Токио хотын Олон улсын судалгааны газарт Монгол Улсын 14 багшийн хамтаар 2018 оны тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 07-ны өдөр хүртэл “Хичээлийн судалгааны арга зүй” сэдэвт сургалтад хамрагдлаа. Сургалтын явцад Японы боловсролын тогтолцоо, Минато дүүргийн хичээлийн судалгааны академи (NPO), бага, дунд, лицей сургуулиудын орчин нөхцөл, хичээл сургалтын үйл ажиллагаатай танилцаж, байгалийн ухаан, нийгмийн ухаан, математик, англи хэлний хичээлийн кёозай кэнкю буюу хичээлийн бэлтгэл судалгаа болон хичээлийн явцтай танилцаж, хэлэлцүүлэг хийн багш нарын туршлагаас судалсан юм.
Сургалтын явцад манайхаас ялгаатай бөгөөд зарим санаа авч болох нэлээд зүйл ажиглагдсан. Тухайлбал:
1. Японы боловсролын систем, Минато дүүргийн хичээлийн судалгааны академи (NPO)-ийн үйл ажиллагаатай танилцахад
• Хаана аль дүүрэгт хэдэн сургууль, цэцэрлэгтэй байхыг тухайн дүүрэг шийдэх бөгөөд өөрсдийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэгийн барилгыг барих, тэнд ажиллах багш нарын цалингийн зөвхөн гуравны нэгийг улсаас олгодог. Үлдсэн хэсгийг өөрсдөө санхүүжүүлдэг.
• Багш бүр 10 жил тутамд өөрийн сурч байсан их дээд сургуульдаа мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, зохих кредитийн шалгалтыг өгч тэнцсэн тохиолдолд багшлах эрхийг нь үргэлжлүүлэн олгодог.
• Минато дүүргийн хичээлийн судалгааны академи (NPO) нь олон жил дунд, лицей, багш бэлтгэх их дээд сургуулийн захирал болон багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ахмад багш нарын бүрэлдэхүүнтэй.
• NPO нь 2006 онд байгуулагдсан. Үйл ажиллагааны үндсэн 3 чиглэлтэй. Үүнд:
-Хичээлийн төлөвлөлтийг хэрхэн сайжруулах
-Багшлах арга зүйг сайжруулах
-Хүүхдийн хандлагыг сайжруулах
• Түүнчлэн NPO нь багш нарын хичээлийн бэлтгэл судалгаа хийхэд зөвлөн туслах, багш нарын хичээлд сууж зөвлөх, захиалгаар дотооддоо төдийгүй гадаадын мэргэжлийн байгууллагуудад зөвлөгөө өгдөг.
2. Бага, дунд, лицей сургуулиудын орчин нөхцөл, хичээл сургалтын үйл ажиллагаатай танилцах.
• Сургуулиуд эрүүл ахуйн шаардлагыг хангахад нэлээд анхаарч, сургуулийн давхар бүрт гар угаах, саван крантыг олон тоогоор байрлуулсан.
• Эрүүл мэндийн талаар янз бүрийн асуудлыг цаг алдалгүй шийдэхэд зориулагдсан тусгай тоног төхөөрөмж бүхий өрөө тасалгаатай. Тэнд эмч мэргэжлийн биш боловч эрүүл мэндийн талаар зөвлөгөө өгөх, анхны тусламжийг үзүүлэх чадвартай нийгмийн эрүүл мэндийн ажилтан хүн ажилладаг.
• “Hot station” нэр бүхий өрөөнд сэтгэл зүйч байх бөгөөд сурагчдын бусдад дээрэлхүүлсэн, ганцаардсан, доромжлогдсон гэх мэт эмзэг асуудлаар нээлттэй ярилцаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг.
• Амьдрах чадварын хичээлийн өрөө. Ахуйн бүхий л үйл ажиллагааг /гэр цэвэрлэх, хувцас угаах, оёж шидэх, хоол хийх/ хийхэд зориулагдсан багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
• Сурагчид чөлөөтэй бодож, ярих боломж нөхцөлийг бүрэн хангасан. Багш нар нь чөлөөт хувцастай хичээл заадаг. Багш, сурагчид бүгд пүүзтэй. Энэ нь биед эвтэйхэн байхаас гадна дуу чимээ багатай.
• Бүх сургууль нэг ээлжээр хичээллэдэг. Бага анги 40 минутаар, дунд анги 50 минутаар, 1 өдөр 6 цагаар, хичээллэдэг. Хичээлийн 3 улиралтай. 3, 4, 5, 7, 9, 10, 11-р саруудад хичээлээс гадуурх үйл ажиллагааг зохион байгуулдаг.
• 1 дүгээр ангид ордог хими, биологи, физик, газар зүйн багш нар заасан хичээлийнхээ талаар ярилцаж, хөндлөн холбоотой ажиллах нь сургуулийн менежментэд чухал ач холбогдолтой.
3. Байгалийн ухаан, нийгмийн ухаан, математик, англи хэлний хичээлийн кёозай кэнкю буюу хичээлийн бэлтгэл судалгаа болон хичээлийн явцтай танилцах
• Аль ч хичээлийн бэлтгэл судалгааг хийхэд төлөвлөсөн хичээлийг зааж буй ахмад, туршлагатай багшийн хичээл дээр сууж ажиглалт хийх, хичээлийн хэрэглэгдэхүүн, арга зүй, төрөл, үнэлгээний талаар судалгаа хийх, хичээлээ төлөвлөн заах, ажиглалт, хэлэлцүүлэг хийж, зөвлөгөө авдаг.
4. Лицей сургуульд түшиглэн сургалтын хөтөлбөр шинэчлэн боловсруулах үйл явц, багш бэлтгэх сургуулийн талаар мэдээлэлтэй болох
• Багш бэлтгэдэг их сургуулийн харьяа Лицей сургууль нь сургалтын төлөвлөгөөний өөрчлөлтийг туршиж үздэг, сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлдэг.
• Японы сургалтын төлөвлөгөөний өөрчлөлт 10 жилд нэг удаа хийгдэх бөгөөд одоо сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орж байгаа бөгөөд 3 жилийн дараа шинэ сургалтын төлөвлөгөө хэрэгжих учраас сурах бичиг өөрчлөгдөнө.
• Багш бэлтгэх их сургуульд жишээ нь байгалийн ухааны багшийг 2 янзаар бэлтгэдэг.
o Дунд сургуулийн (6-9-р анги) байгалийн ухааны багш. Энэ хүн хими биологи, физик, газар зүй, биологийн аль нэг мэргэжлийн эзэмшихийн зэрэгцээ бусад шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэгтэй байна. Жишээ нь биологоор мэргэшээд, хими, газар зүй, физикийн суурь мэдлэгийг эзэмшсэн байна.
o Ахлах ангийн (10-12 дугаар анги) хими, биологи, газарзүй, физикийн багш зөвхөн нэг мэргэжлээ дагнан эзэмшиж, зөвхөн 1 хичээлээ л заадаг гэх мэт их л зүйлийг олж харж сонсож мэдлээ.
-Таны багшлах арга зүй, онцлогийн талаар яриагаа үргэлжлүүлье?
-Багшийн ажлын үр дүн нь шавь нарын хөгжил, суралцах чадвараар тодорхойлогддог. Миний бие даасан анги болон хичээл заадаг суралцагчдаа аливаа асуудалд нухацтай ханддаг, бүтээлч хариуцлагатай дадал хэвшилтэй иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлж чаддаг, хүн нийгэмшихүйн суурь үндэс болсон нийгмийн ухааны боловсролын үр шимээс шавь нартаа хүртээн ажиллаж байгаадаа бахархалтай байдаг. Багшийн хөгжлийн гарцыг “Хичээлийн судалгаа” гэж үзэн нийгмийн ухааны суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг боловсруулахдаа суралцагчийн өмнөх төсөөлөл, алдааны шинжилгээ, хөгжил төлөвшил, судлагдахууны агуулга, арга зүй, үнэлгээг цогц байдлаар судлахаас гадна хэрэглэгдэхүүний сонголт, багшийн асуултын төлөвлөлтөд анхаарснаар хүүхэд нэг бүрт хүрэх, хүүхэд бүрийн оролцоог нэмэгдүүлэх гол хүчин зүйл нь болдог төдийгүй хүүхдийг эмх цэгцтэй, цагийг үр дүнтэй, бүтээлчээр ашигладаг, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадварт сургадаг. Анги, бүлэг, нэгж хичээлээр эзэмшсэн байх чадваруудыг илрүүлэх шалгуурын дагуу боловсруулсан даалгаврын сан бүрдүүлж, үргэлж баяжуулан хэрэглэдэг. Багш хүн мэргэжлийн өндөр мэдлэгтэй, хүүхдээ хүлээцтэй сонсдог, бодох, сэтгэх, ярилцах хугацааг олгодог, хамтран хөгжих үйлийн болон сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлж өгснөөр сургалт амжилттай хэрэгжих үндэс нь болдог юм.
-Хичээлийн судалгааны чиглэлээр та цаашид юу хийхийг зорьж байгаа вэ?
-Цаашдаа өөрийн мэдлэг туршлагаа улам нэмэгдүүлж, багшлах арга барилаа өргөжүүлэн ажиллана. Мөн аймагтаа “Хичээлийн судалгааны нийгэмлэг”-ийн дэд зөвлөлийг байгуулж Япон орны багш нарын туршлагаас суралцан хичээлийн судалгаа хийх арга зүй, технологийг өөрийн аймагтаа нутагшуулан Алтайн багш нартаа түгээн дэлгэрүүлэн ажиллах зорилготой байна.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Сурган хүмүүжүүлэх үйлсэд тань амжилт хүсье.
Э.Нарангэрэл