Эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.
Өмнөговьчуудын хувьд энэ жилийг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон нийт иргэдийн эрүүл мэндийг дэмжсэн үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулж байна. Энэ ажлынхаа хүрээнд эх хүүхдийн эрүүл мэнд аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Мөн НҮБ-ын хүн амын сан, "Оюутолгой" ХХК, "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран "Эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхээр нутгийн удирдлагын ордонд "Жирэмсний хяналт, өсвөр үеийн ээлтэй үйлчилгээг анхан шатанд оновчтой болгох нь" сэдэтэй сургалийг өнөөдөр эхлүүллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг сургалтад 15 сумын Засаг дарга, ЭМТ-ийн эрхлэгч, эх баригч нар оролцож байна. Энэ үеэр зөвхөн сургалт зохион байгуулаад зогсохгүй эмэгтэйчүүд залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр арга хэмжээг зохион байгуулах талаар аймгийн удирдлагуудтай уулзаж санал хэлэлцлээ. Тодруулбал эрүүл мэндийн тусламж үйлчилгээний мэдээ мэдээллийг сайжруулах мобайл аппликейшнийг үйлчилгээнд нэвтрүүлэх, эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийж нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг хамруулах, Номгон сумын ЭМТ-ийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, Номгон сумын төрөх эмэгтэйчүүдийн тасгийн тоног төхөөрөмжийг шинэчилж, сайжруулах, Ханбогд суманд "Эрүүл малчин-2" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.
Д.Мишигсүрэн