Завханд дөрвөн амралт сувиллын газар ахмадуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт хагас жилийн байдлаар 173 ахмад хөнгөлөлттэй үнээр сувилуулжээ. Ахмадууд амралт, сувиллын газарт жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй байдаг байна. Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа амралт сувиллын ямар ч газар ахмадууд сувилуулах боломжтой ажээ. Энэ жил ахмад настанд хэдэн газар хөнгөлөлттэй үйлчлэх, амрахдаа ямар материал бүрдүүлэх талаар Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн Г.Должинсүрэнгээс тодрууллаа.
-Сайн байна уу? Энэ жил ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх амралт, сувиллын хэдэн газар байна вэ?
-Энэ жил манай аймагт Одчим Наран, Түвшинамаржаргал, Өв залгамжлагч, Улаан Хаалга дахь амралт сувиллын газрууд ахмадуудад хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр шалгарсан байгаа. Харин улсын хэмжээнд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэхээр 106 амралт, сувиллын байгууллага тендерт шалгаран гэрээ хийсэн байна. Ахмадууд маань бичиг баримтаа бүрдүүлээд өгвөл улсын хэмжээнд дээрхи амралт сувиллын газруудад амарч сувилуулах эрхтэй байгаа. Хуулийн дагуу ахмад настанд зориулсан амралт, сувиллын газрыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллахаар журамласан байдаг. Журамд заасны дагуу ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллага сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зохион байгуулж, шалгарсан байгууллагуудтай гэрээ байгуулдаг. Ер нь Монгол Улсын Их хурлын тогтоолоор 2017 оноос эхлэн ахмад настанд амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийг жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр олгохоор хуульчилсан байдаг. Хуулийн дагуу ахмад настанд зориулсан амралт, сувиллын газрыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллахаар журамласан байдаг. Журамд заасны дагуу ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллага сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зохион байгуулж, шалгарсан байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж байна.
-Өнгөрсөн жил Завхан аймагт хэдэн ахмад настан сувиллаар хөнгөлөлттэй үйлчлүүлсэн бэ?
-Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 538 ахмад хөнгөлөлттэй үнээр сувилуулсан байна. Энэ хагас жилийн байдлаар 173 ахмад сувилуулсан байна. Манай аймгийн амралт сувиллын газрууд 2018 оны 1-р сарын 1-нээс эхэлж ахмад настнуудад хөнгөлттэй үйлчилж эхэлсэн байгаа. Энэ жил нийт хэчнээн ахмад үйлчилгээ авах тоо одоогоор гарах боломжгүй юм.
-Ахмадууд хөнгөлөлттэй үйлчлүүлэхдээ ямар материал бүрдүүлэх вэ?. Хэчнээн төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой вэ?
-Ахмад настны тухай хуулийн 3.1-т зааснаар гэрээ байгуулсан амралт, сувилалд 55-аас дээш настай эмэгтэй, 60-аас дээш настай эрэгтэй эрхийн бичгийн дагуу амарч сувилуулсан тохиолдолд хөнгөлөлттэй үнээр амарч, сувилуулах эрхтэй. Амрахдаа дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Иргэний үнэмлэхийн хуулбар, өргөдөл, ахмад настан амралт, сувиллын газрын эрхийн бичгийн үнийн өөрийн хариуцах хэсгийг бэлэн мөнгөөр төлөх, эсхүл тухайн байгууллагын дансанд шилжүүлсэн баримт, хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах эрхийн бичиг, багийн Засаг даргын тодорхойлолт, эрхийн бичгийн хуулбар, мөнгө төлсөн баримт, тэтгэврийн дэвтэр, хуулбарын хамт Хөдөлмөр халамжийн, үйлчилгээний газрын сум хариуцсан мэргэжилтэнд баримт бичгээ өгнө. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу ахмад настан нь тухайн газар 10 хүртэлх хоног амарч сувилуулах эрхтэй. Үүний дагуу нийгмийн халамжийн сангаас нэг хоногийн 20 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг. Түүнчлэн ахмад настныг ая тухтай амарч сувилуулах боломжийг бүрдүүлэх, үйлчилгээний чанар стандартыг хангах зорилгоор амралт, сувиллын байгууллагуудтай байгуулсан гэрээнд ахмад настанд нэг хоногийн 30 мянган төгрөгөөр үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулдаг. Ингэхээр ахмад настан нь зөрүү 10 мянган төгрөгийг өөрөө хариуцдаг. Өөрөөр хэлбэл, ахмад настнууд гэрээ байгуулсан амралт, сувиллын газарт 10 хоног амарч сувилуулахад 300 мянган төгрөг төлөх ёстой ч 100 мянган төгрөгийг өөрөө хариуцаж, нийгмийн халамжийн сангаас 200 мянган төгрөгийн хөнгөлөлтийг тухайн үйлчилгээ үзүүлсэн амралт, сувиллын байгууллагад нь олгож байгаа юм.
-Манай аймгийн амралт сувиллын газрууд ахмадуудад ямар үйлчилгээг үзүүлж байгаа вэ?
-Дээрх амралт сувиллын газрууд нь ахмадуудад ихэвчлэн шавар, бариа, зүү төөнүүрийн эмчилгээг сэтгэл засал чийрэгжүүлэлттэй хослуулан хийдэг. Мөн зарим газар рашаан усанд оруулах, бумба тавих сүү цагаан идээгээр эмчилдэг. Ер нь тухайн ахмад настан маань ямар зовиуртай, ямар үйлчилгээг хүсч байгаатай нь холбогдуулаад сувилж эмчилдэг.
Б.Мягмарсүрэн