ЗАВХАН: Мөсөн шагайн нээлт, хаалтын тоглолтын уламжлал хэд хэдэн сумдад бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-12-02 17:23:56

Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Завхан аймагт мөсөн шагайн нээлт, хаалтын тоглолт болох дөрөв, дөрвөн шагай харвах уламжлал өдгөө ч хадгалагдаж байна.


Монголчуудын мөсний шагайн наадгайн талаарх түүхэн баримтын хамгийн эртний мэдээ “Монголын нууц товчоон”-д дурдагдсан нь бий. Хожмоо Сайн ноён хан аймгийн Зая гэгээн хутагтын хүрээнд тоглож байсан уламжлалтай.  


Түүний уламжлал нь Монгол улсын баруун хагас,  Архангай аймагт багагүй хадгалагдсан бөгөөд энэ нь мөсний шагайн наадааны түүхэн уламжлалтай, цаг уур, газарзүйн нөхцөл байдлаас шалтгаалсан сонирхолтой тоглоом юм.

Эртнээс нааш мөсөн шагайг тоглож ирсэн түүхэн уламжлал Завхан нутагт одоо ч бий. Тухайлбал мөсөн шагайн нээлт, хаалтын тоглолт болох дөрөв, дөрвөн шагай харвах уламжлал Завханы хэд хэдэн сумуудад хадгалагдаж үлдсэн. Зарим сумдад намар 11 сарын дунд үед тухайн бүс нутгийн цаг уурын онцлог шинжээс хамааран голын ус бүрэн хөлддөг байна. Тэр үеийг тааруулан аль нэг өдөр мөсний шагай тоглодог хүмүүс нийлж тэр жилийнхээ мөсний шагайн харвааны нээх харвааг харвадаг уламжлалтай байж.  Харин өнөөдрийн байдлаар мөсний шагайн харваа Завхан аймагт олон нийтийг хамарч эхэлж буй сайн мэдээ байна.


Монголчуудын уламжлалт мөсний шагайн харвааг илүү хөгжүүлэх, уламжлуулахаар аймгийн Мөсний шагайн харвааны холбоо анх 2014 онд байгуулагдсан юм. Одоогийн байдлаар энэ спортоор давхардсан тоогоор 170 гаруй хүүхэд залуучууд сонирхон хичээллэж байна.


Анхны мөсний шагайн тэмцээн 2015 онд Улиастай сумын төв цэнгэлдэх хүрээлэнд болж 1200 гаруй хүмүүс оролцож байжээ.  Энэхүү спортыг өргөн дэлгэр хөгжүүлэх, уламжлуулах, мөсний шагайн спортын үүх түүх, танин мэдэхүй, уламжлалт дэг жаягыг суралцуулахаар аймгийн мөсний шагайн холбооноос жил бүр уралдаант болон танин мэдэхүйн арга хэмжээг зохиодог юм. Энэ жилийн мөсний шагайн харвааны тов хараахан гараагүй байна. Сумуудад мөсний шагайн харвааны бэсрэг тэмцээнүүдийг 12-р сарын 20-оос хойш явуулна. Мөсөн шагайн харваа нь хүнийг өлчиржүүлэх, цэвэр агаараар амьсгалуулах, харааг сайжруулах, биеэ цэгцтэй байдалд сургах зэрэг эрүүлжүүлэх олон талын ач холбогдолтой юм. Мөсний шагайн харваа нь монгол эрчүүдийн эр чадал, авхаалж самбаа, хурц хараа, хурдан түргэн сэтгэх, бие бялдрын хөгжил, төлөвшлийн хэрэглүүр болсон наадгай.


Мөсний шагайн харваа нь зөвхөн үндэсний спортын төрөл бус монгол үндэстний оюуны гайхамшигт сэтгэлгээ, ахуйн болон зан үйлийн гүн гүнзгий утга бүхий соёлын биет болон биет бус өв юм.


Олон зуун жилийг элээн өвлөн уламжлагдаж, боловсрон хөгжиж байгаа энэ спортыг хөгжүүлэх нь чухал юм. Тиймээс үндэсний мөсний шагайн харвааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор баяр, наадгайгаар дамжуулан залуу хойч үедээ уламжлан өвлүүлэх, таниулах. Дэлхийн олон улсад сурталчлан таниулах зорилго бүхий үйл ажиллагааг тогтмол хийснээр аялал жуулчлалын хөгжилд ч дэмтэй. Аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн чухал үйл ажиллагаа бол монголчууд өв соёлоо сэргээж, түүх соёлоо сурталчлах ажлыг л чухалчилж хийх ёстой хэмээн Завхан аймгийн Мөсний шагайн холбооноос мэдээлэв.  


Ташрамд, нүүдэлчдийн өвлийн өвөрмөц спорт, мөсний шагайн харвааны түүхийн тухайд,

Монгол үндэстний түүхэн сурвалж бичиг “Монголын Нууц Товчоо”-ны 116 дугаар зүйлд: “... Анх урьд анд бололцоход Тэмүжин арван нэгэн настай байсан билээ. Тэр цагт Жамух нэгэн гурын шагайг Тэмүжинд өгч, Тэмүжин нэгэн цутгамал шагайг Жамухад өгч, Ононы мөсөн дээр шагалцан наадаж анд бололцсон билээ. Түүний хойд хавар алангир нумаар харваж байхад Жамуха, бярууны хоёр эврийг нааж нүхэлж хийсэн дуут сумаа Тэмүжинд өгч, Тэмүжин арц модон годилоо Жамухад өгч анд бололцов. Хоёр удаа анд бололцсон ёс ийм билээ” хэмээн мөсний шагайн тухай тодорхой дурдсан байдаг. Энэ нь XIII зууны үед монголчууд мөсний шагай харваж тоглож байсан тухай баттай баримт бөгөөд магадгүй үүнээс өмнө Хүннүгийн үед ч байсан байх бүрэн боломжтой юм.


XVII зууны үед Халхын Зая Гэгээн Лувсанпэрэнлэй Төв Халхын нутагт уламжлан хөгжүүлсэн байдаг.

Заяын шавьд лам нарын дунд зуны эхэн сард ханиад өвчин гарч илааршихгүй байсан гэх агаад Зая гэгээн бие булчингийн хөдөлгөөн, чадал хүч, сэтгэл, оюун ухааны нэгдэл болсон энэ наадгайг зохион хийдийнхээ сүүдэрт номын хүчээр мөс хөлдөөн дэг жаягыг боловсруулж, лам нарыг тоглуулан эдгээн анагааж байсан гэсэн домог хууч бий. 


Чигэстэйн гол дээрх мөсөн шагайн харвааны тэмцээн


 

相关新闻