ЗАВХАН: Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт үнэлгээ өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-12-03 12:50:42

Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаан өнөөдөр 94.2 хувийн ирцтэй эхэлжээ.


Энэ удаагийн хурлаар 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна. Өнөөдрийн хуралдаанаар аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилттэй танилцаж, үнэлгээ өгөх юм.


Мөн аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаж, төлөөлөгчид үнэлгээ өгнө. Мөн аймгийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцан үнэлгээ өгч, 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай хэлэлцэнэ. Түүнчлэн 2025 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2026 оны төсөв батлах тухай гишүүд хэлэлцэнэ. Аймгийн ИТХ, Зөвлөл, Хороодоос 2025 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцүүлэх юм.


Үндэсний аюулгүй байдлыг орон нутгийн түвшинд хангах бодлого, ажлын хэсгийг шинэчлэх тухай хэлэлцэж шийдвэрлэнэ. Улс болон олон улс, тив, дэлхийн олимпын наадам, тэмцээнд амжилт гаргасан шилдэг тамирчин, багш дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журмыг батална.


Хурлын төгсгөлд 2026 онд Монгол улсын иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтыг хэлэлцүүлж, Засгийн газарт уламжлах тухай хэлэлцэж “Аймгийн хүндэт иргэн” цол олгох тухай тус тус хэлэлцэнэ хэмээн Завхан аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв. 


相关新闻