Машин, мотоциклийн хонжворт сугалаатай их тахилга болох гэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-21 16:06:09
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Аргын тооллын 6-р сарын 22-ны өдөр буюу билгийн тооллын зуны шар морь сарын дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдрийн баасан гарагт Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших “Ноён уул”-ыг тахих үйл ажиллагаа болох гэж байна.
Эдүгээ 200-гаад жилийн түүхтэй сүсэгтэн олныхоо дэмээр тахиж, шүтэж, хаад ноёдынхоо булш бунханг хамгаалж ирсэн шашны зан үйлийн нэг баяр болох их хайрхдаа тахих ёслол Мандал суманд болох юм. Энэхүү өвөг дээдсийнхээ булш бунханг сэндийлж, сандаачахыг цээрлэн хамгаалах ёслол буюу өвөг дээдэс, их хаад ноёдынхоо дурсгалыг хүндэтгэн баясгах, их тахилга энэ сарын 22-ны 10.00 цагт Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Билүүтийн ам” хэмээх газарт болох гэж байна. Сүсэгтэн ард та бүхнийг нийтээрээ цуглаж, сүү цайныхаа дээжийг өргөн хуран баясахыг урьж байна. Энэхүү тахилгын үеэр гурван насны морьд уралдаж, хүчит бөхчүүд зодоглож, мэргэн харваачид нумаа татаж, шагайн харваа болохын зэрэгцээ гар бөмбөгийн тэмцээн болох ажээ. Мөн хүрэлцэн ирсэн сүсэгтэн олныхоо дунд Сэлэнгэ аймгийн харъяат иргэддээ зориулан машин, мотоциклийн хонжворт сугалаа явуулах юм байна.
Энэхүү тахилгын ерөнхий зохион байгуулагчаар Монголын ардчилсан холбоо ажилаж байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻