Орон нутгийн замд зорчиж байгаа иргэдийн замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-06-20 17:57:12

Завхан/МОНЦАМЭ/.Завханд орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, осол хэргийн гаралт, үүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл-2018” аяны нээлт боллоо.
Аяныг Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Авто тээврийн төв хамтран зохион байгуулж байна. Аяны хүрээнд дээрхи холбогдох байгууллагууд хамтран авто замд гарч байгаа осол, гэмтлийг бууруулах, орон нутгийн замд зорчиж байгаа иргэдийн замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах зэргээр олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх юм байна. Нээлтийн үеэр хот хоорондын автобусны жолооч нар болон ачааны тээврийн хэрэгслийн жолооч, холбогдох албаныхан болон 70 гаруй хүн оролцжээ.

Энэ үеэр жолооч нарын дунд автозамын хөдөлгөөнд оролцох дүрэм, журам, хөгжөөнт асуулт бүхий АХА тэмцээнийг зохион явуулжээ. Мөн  аяны нээлтэнд оролцогч нарт зам тээврийн осол хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцох талаар гарын авлага, санамж тараажээ. Түүнчлэн замын хөдөлгөөнд оролцогч иргэд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, бие биендээ хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой оролцохыг нээлтийн үеэр уриалжээ.

Б.Мягмарсүрэн


相关新闻