Уянга сумын мал сүргийг үзлэгт хамруулан ангилав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-18 15:53:17
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Уянга суманд ажиллаж, малын үзлэг ангиллыг хийлээ.
Нийт 5000 сарлагийг хамруулах ёстой байсан ч 2512 - ыг ангилж, үүнээс шилмэл ангид 45, нэгдүгээр ангид 189 үнээ тус тус анги чанарын шаардлага хангасан ба  үлдсэн 2266 үнээг хэрэгцээний сүрэгт ангилав.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/71 дүгээр тушаалаар батласан “Тэмээ, адуу, үхэр, хонь, ямаа ангилах заавар“-ын дагуу уг ажлыг гүйцэтгэсэн ба энэ нь нас гүйцсэн үнээ, өсвөр насны гунж зэргийн анги чанарыг тодорхойлж, цөм сүрэг бүрдүүлэх, цаашид удамшил, ашиг шимийн түвшинг сайжруулах санал боловсруулах зорилготой юм.
Шилмэл ангид гарваль удамшил сайтай галбирын ямар нэгэн согоггүй, чийрэг бие цогцостой, элдэв өвчин эмгэггүй, төлөрхөг чанар, сүүлэг шинж сайтай, насны хувьд залуу, амьдын жин ашиг шимийн үзүүлэлтээрээ бусад үхрээс 10-20 хувиар илүү байхуйц шилмэл сарлагийг хамруулжээ.
Харин нэгдүгээр ангид амьдын жин болон үзүүлэлтээрээ аль нэг нь хангаагүй боловч гарваль удамшил сайтай, галбирын ямар нэгэн согоггүй, чийрэг бие цогцостой, элдэв өвчин эмгэггүй, төлөрхөг чанар, сүүлэг шинж сайтай, насны хувьд залуу хангасан сарлагийг оруулсан байна.
Энэ жилийн өвөл, хавар цаг хатуу болсны улмаас хээлтүүлэгч мал багагүй хорогдсон бөгөөд Архангай, Баянхонгор аймгуудаас хээлтүүлэгч нөхөн тавих ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа аж.
                                                                                  Б.Батчимэг
相关新闻