Иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах талаар мэдлэг олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Удирдлагын академийн мэргэжил дээшлүүлэх институт, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах арга зам” сэдэвт ажлын байран дахь богино хугацааны сургалтыг 6 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Арвайхээр хотноо зохион байгууллаа.
Иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан төрийн үйлчилгээг сайжруулах, арга зүй эзэмшүүлэх зорилготой энэхүү сургалтанд аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагаас 30 төрийн албан хаагч хамрагдаж, онолын мэдлэгээ баталгаажуулан сертификат гардан авсан юм.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Ганболд сургалтын төгсгөлд хэлсэн үгэндээ "Шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Сахилга, дэг журмыг чангатгах тухай” албан даалгавар гаргаж, 2018 оны “Хариуцлагын жил” болгон зарласан. Энэ хүрээнд манай аймаг төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулахад онцгой анхаарч ажиллаж байна" гээд сургалтаар олж авсан мэдлэгээрээ ажлын арга барилдаа өөрчлөлт, шинэчлэлт хийж, өөрсдийгөө хөгжүүлэх, мэдлэг, чадвараа дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв.
Тус сургалтаар иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээний ойлголт, хандлага, өргөдөл, гомдлын менежмент, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг судлах арга зүй, үйлчилгээний соёл зэрэг төрийн албан хаагчдад чухал хэрэгтэй сэдвээр мэдлэг олгожээ.
Б.Батчимэг