“Захчин дуу хуур"-ын наадамд Манхан сум тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-14 13:23:08
Ховд /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилгаар “Захчин дуу хуур”-ын наадамд Ховд аймгийн Манхан, Зэрэг, Мөст, Алтай, Үенч гэсэн захчин ястны 5 сумын 19-80 насны 70 орчим авьяастнууд оролцож, захчин ардын уртын болон богино дуу, шог хошин магтаал дуу, ихлийн татлага, захчин биелгээ, ерөөл магтаал, аман яриа, захчин эрэгтэй, эмэгтэй хувцас хэрэглэлтэй хос гэсэн долоон төрлөөр авъяас чадвараа сорьсон юм.
Наадмын нийт багийн дүнгээр тэргүүн байранд Манхан сум, хоёрдугаар байранд Мөст сум, гуравдугаар байранд Үенч сум шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна.
Захчин дууны наадамд ардын авьяастан Д.Оюунбатын дуулсан захчин ардын уртын дуу “Хэнзэл гэдгээн бэд”, Х.Нансалмаагийн дуулсан захчин ардын богино дуу “Барагч аашаам хэвтээ”, Алтай сумын дуучин О.Энхсайхан, Л.Гансүх нарын харилцаа дуу “Намын улаан мод” зэрэг ховор дуулагддаг дууг сонирхуулсан нь олны сонирхол татсан байна.

Захчин аман ярианы төрөлд Манхан сумын Баянгол багийн ямаачин С.Цэндхорлоо, Ч.Янжмаа нарын хөөрөлдөөн өнгөрсөн өвлийн хахир хүйтэн, хаврын хавсрага салхийг малчид даван туулсан тухай, мөн нутгийн ард Цэцэн Ямпилын тухай домог хөөрөлдөөн үзэгч олны таашаалд хүрч, захчин дууны наадмыг илүү сонирхол татам болгожээ.
Дууны наадамд оролцсон сумд захчин үндэсний хувцас, эд зүйл, хэрэглэлээр бас өрсөлдөж, Манхан сумын ардын авьяастнуудын хувцас хийц, хэлбэр, өнгө донж нь өвөрмөц давуу байв.
Дууны наадамд оролцсон бүх оролцогчид наадмын дараа “Захчин түмэн нүүж байна” нэртэй дууны дүрс, зураг авалтад оролцсон байна.
 
А.Бямбасүрэн
 

相关新闻