Сум дундын Ойн ангийн үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-12 13:42:02
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Сум дундын Ойн ангийн 2017 оны үйл ажиллагааны тайланг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцлээ.
Аймгийн Засаг даргын 2009 оны 149 дугаар захирамжаар Сум дундын Ойн ангийг Бат-Өлзий суманд байгуулж, Бат-Өлзий, Хужирт, Уянга, Зүүнбаян-Улаан, Хархорин, Бүрд, Есөн-Зүйл, Хайрхандулаан, Нарийнтээл сумдын 175209 га талбайн ойг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах үүрэг хариуцлагыг ноогдуулсан байна.
2017 онд мод үржүүлгийн газарт 1-3 насны 300 гаруй мянган шинэс, 1000 бургас, 300 улиас, шар хуайс 6 мянга, хайлаас 8 мянга буюу нийт 335300 ш тарьц суулган  ургуулж байгаа аж.
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор төлөвлөгөө батлан хэрэгжүүлж, хуурайшилт ихтэй үед  гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай гарын авлага, сэрэмжлүүлгийг багийн хурал, айл өрхөөр тараажээ.
Мөн өнгөрсөн онд БОАЖЯ, Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн судалгааны багтай хамтарч, дөрвөн сумын 70 мянган га талбайд тархалтын судалгааны ажил гүйцэтгэсэн байна.
Б.Батчимэг

相关新闻