Бүтээлч хүүхдүүдийн “Бизнесийн гараа” үзэсгэлэн худалдаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-05-28 17:21:38
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн бүтээлч хүүхдүүдийн гар урлалын бүтээгдэхүүний "Бизнесийн гараа" үзэсгэлэн худалдаа гарлаа. Уг худалдаанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 13 сургуулийн 300 орчим хүүхдийн 500 гаруй нэр төрлийн бүтээл олон нийтийн хүртээл болсон юм. 

Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал тус үзэсгэлэн худалдааг нээж хэлсэн үгэндээ “Хүүхдүүдийн бүтээл үнэхээр чанартай, мэдрэмжтэй болжээ. Энэ үйл ажиллагааг цаашид тогтмолжуулах хэрэгтэй. Мөн сурагчдыг гар урлалаар хичээллэхэд хамгийн том үр нөлөө үзүүлж буй технологийн багш нарыг гадаад, дотоодод туршлага судлах ажлыг зохион байгуулна” хэмээн онцолсон юм.
Аймгийн хэмжээнд нийт 63 багш дизайн, технологи, дүрслэх урлагийн хичээл заадаг. Орхон аймагт хайчилбар, уран зураг, эсгий урлал, уран бичлэгийн төрөл илүү хөгжсөн байдаг ажээ.
Аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар XX сургуулийн 50 гаруй сурагчийн шилдэг бүтээлийг орон нутаг худалдан авч аймгийн бэлэг, дурсгалын багцад оруулахаар болсон. Энэ нь сурагчдын бүтээлийг үнэлэх, хүүхдийг багаас нь хэрэглэгч бус үйлдвэрлэгч болох хандлагыг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм. Үүний хүрээнд аймгийн Засаг дарга тус сургуулийн 50 гаруй сурагчийн 135 бүтээлийг 1.3 сая төгрөгөөр үнэлж авсан байна.
 
Б.Оюун-Эрдэнэ

相关新闻