Цэцэн-Уул суманд сургуулийн шинэ барилга баригдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-05-22 22:10:10

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Цэцэн-Уул суманд сургуулийн шинэ барилга, зургаан настай хүүхдийн “Гэр өргөө” гэхчлэн шинэ барилгууд баригдаж байна. Тухайлбал тус сумын сургуулийн барилгын ажилд 2018 оны Улсын төсөвт шинээр сургуулийн байр, спорт заалын барилга барихад нэг тэрбум төгрөг тусгажээ.
Барилгын ажлыг Улаанбаатар хотын “Хатгин болор” ХХК гүйцэтгэхээр өнгөрсөн дөрөвдүгээр сараас барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна. Тус сумын ерөнхий боловсролын сургуулийн барилга 1980 онд баригдаж, 2000 онд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 70 сая төгрөгийн санхүүжилтээр их засвар хийснээс хойш 18 жил огт засвар хийгдээгүй ажээ.
Сургуулийн барилга хэт хуучирсан, шал, тааз нь өмхөрсөн бөгөөд сургалт хүмүүжлийн ажил явуулахад хүндрэлтэй байжээ. Харин энэ жил төсөвт санхүүжилт ийнхүү тусгагдсанаар шинэ сургуулийн барилгатай болоход тун ойрхон байна. Мөн манай суманд малчны зургаан настай хүүхдүүдэд зориулсан “Гэр өргөө”, Халамж үйлчилгээний барилгууд шинээр баригдаж эхэлсэн байгаа. Эдгээр барилгуудыг сумын орон нутгийн хөгжлийн санд 100 сая төгрөг төсөвлөж барилгын ажлаа эхлүүлээд байна хэмээн Цэцэн-Уул сумын Засаг дарга Б.Оргилсайхан мэдээллээ.

Б.Мягмарсүрэн 

相关新闻