Жүржийн төрлийн ургамлыг нутагшуулах туршилт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-05-22 16:05:37
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр “ХХК-ийн Сэлэнгэ амралтын баазын “Хүлэмжийн аж ахуй”-н агрономч Х.Хишигт өвлийн хүлэмжид ногоо тариалах талаар туршлагаасаа хуваалцлаа. Тэрээр 2010-2011 онд Япон улсад мэргэжил дээшлүүлж япон технологиор өвлийн хүлэмжид гүзээлзгэнэ, мандарин, усан үзэм, навчит ногоо тарьж ургуулах туршлага судалжээ.
Мөн мод, бутны суулгацыг дэвшилтэт технологиор жилийн аль ч улиралд тарьж ургуулж сурсан байна. Түүнчлэн импортоор оруулж ирдэг жүржийн төрлийн ургамлуудыг хүлэмжийн нөхцөлд нутагшуулж үржүүлэх туршилт хийж байгаа гэнэ. Цаашид хүлэмж, талбайн хэмжээгээ нэмэгдүүлж цэвэр экологийн жимс тариалах зорилготой ажээ.
Аграномич Х.Хишигт хэлэхдээ, “ Дулаалгатай хүлэмжид ямар ч төрлийн жимс, жимсгэнэ ургадаг. Манай хүлэмжийн аж ахуйд эмийн ховор ургамал хадгалах, хамгаалах, үржүүлэх, мод, бут, сөөгийг үржүүлэх, ногоон байгууламжид тохиромжтой олон наст цэцэг, гүзээлзгэнэ, усан үзэм тарьж байгаа. Зургаадугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн цех, хэлтсүүд ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зорилгоор цэцэг, модоо манайхаас авч эхэлнэ” гэлээ. Тэрээр мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Жимс, жимсгэнэ тариалах” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нэг га талбайд алим, чавга тариалж эхэлсэн гэнэ. Жимс, жимсгэнийг тарьж ургуулахад дөрвөн улирлын турш ажиллах хүлэмжээ бэлдэх хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Үүнийг орон нутаг бодлогоор дэмжих хэрэгтэйг ч онцоллоо. Тэрээр өөрийн тушлагаа сэтгүүлчидтэй хуваалцах үеэрээ ногоо тарих хүсэлтэй иргэдэд зөвлөгөө өгөхөд татгалзах зүйлгүй гэдгээ ч хэлсэн юм.
Дашрамд дурдахад, Монгол Улс импортын жимс, жимсгэнэдээ нэг жилд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг гэнэ. Энэ нь 100 орчим цэцэрлэг барих хэмжээний мөнгө юм.
Б.Оюун-Эрдэнэ
 

相关新闻