Яаралтай тусламжийн дуудлагыг нэг дор төвлөрүүлэхээр ярилцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-18 12:31:52
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь Яаралтай тусламжийн дуудлагыг нэгтгэх тухай асуудал яригдаж байгааг аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа О.Ганбат хэллээ.
Онцгой байдлын 101, Цагдаагийн газрын 102, Эмнэлгийн түргэн тусламжийн 103 тоот утсыг нэгтгэн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд төвлөрүүлэхээр яригдаж байгаа аж. Өнөөгийн байдлаар яаралтай тусламжийн дуудлага мэдээлэл хүлээн авах үйлчилгээ үзүүлдэг дээрх албадууд нь  тус тусдаа бие даасан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бэрхшээл, сул талууд багагүй гардаг байна.
Тухайлбал, дуудлагыг нэг телефон шугамаар хүлээн авдаг, дуудлага өгсөн хүний яриа хадгалагддаггүй, дуудлагаа цаасаар бүртгэдэг, яаралтай дуудлаганд явж байгаа түргэний машинтай холбогдох шуурхай холбооны хэрэгсэл байхгүй зэрэг асуудал байгаа юм.
Мэдээлэл холбооны дэвшилтэд технологийг ашиглан иргэдээс ирүүлсэн яаралтай тусламжийн дуудлага мэдээллийг бүрэн, шуурхай хүлээн авч, дамжуулахад зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Б.Батчимэг
相关新闻