“Хэнийг ч орхигдуулахгүй явуулын тусламж үйлчилгээ” мянга гаруй хүнд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-17 21:40:28
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас “Хэнийг ч орхигдуулахгүй явуулын тусламж үйлчилгээ”-ээр нэг жилийн хугацаанд нийт 1220 эх, хүүхдэд хүрч ажиллажээ.
Говийн бүсийн 9 суманд жирэмсэн болон нөхөн үржихүйн насны 227 эмэгтэй, 260 хүүхдийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, 161 хүүхдийг шүдний эмчийн үзлэг оношилгоонд хамруулсан бол хангайн бүсийн 9 суманд жирэмсэн болон нөхөн үржихүйн насны 259 эмэгтэй, 205 хүүхдийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, 108 хүүхдийг шүдний эмчийн үзлэг оношилгоонд хамруулсан байна. Мөн алслагдсан баг болох Богд сумын Далангийн баг, Бат-Өлзий сумын Улаан-Амны баг, Уянга сумын Жаргалант багт явуулын тусламж үйлчилгээг хүргэжээ.
Тэр бүр эмнэлэгт үзүүлж чаддаггүй хөдөөгийн иргэд багт нь зориод очсон амбулаторийн үйлчилгээнд тун сайшаалтай хандаж байгаа ба алслагдсан бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоог хүргэснээрээ тус аян ач холбогдолтой юм.
Б.Батчимэг
相关新闻