Өвөрхангайд аялал жуулчлалын хөгжлийн хороо байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-17 16:43:04
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчид зөвлөлдөж, тулгамдсан асуудлаа хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт болсон “Аймгийн аялал жуулчлал эрхлэгчдийн зөвлөлгөөн”-өөр жуулчдад зориулсан бэлэг дурсгалын цогц төв нээж ажиллуулах, аялал жуулчлалын салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэн хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах зэрэг олон асуудал тулгамдаж байгааг тэд хэлэв.
Мөн жуулчны баазууд нь үүргэвчтэй аялагчдад хэт хямд үнээр үйлчилж байгаагаа онцолж, орон нутагт аялал жуулчлалын бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэн үнэ тарифыг тодорхойлох, үүнтэй уялдуулан үйлчилгээний соёлыг хөгжүүлэх явдал чухал байгааг дурдаж байв.
Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж зөвлөлгөөнд оролцон хэлсэн үгэндээ аялал жуулчлал хөгжих гол бүс нутаг болох Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдад хэдэн хүн нийлээд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах гэхээр “Тусгай хамгаалалттай газар” гэж бөөн дарамт, шахалт ирдэг талаар онцлон хэллээ. Тэрээр Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлал хөгжүүлэх бодлого, шийдвэрийг аймагтаа гаргаж, аймгаасаа зөвшөөрөл өгдөг байж яагаад болохгүй юм бэ?” гэх асуултыг БОАЖЯ-аас ирсэн мэргэжилтнүүдэд тавьсан юм.
Мөн аймгийн Засаг дарга Г.Ганболд “Аялалын жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд төлөвлөлт маш чухал” гээд аялал жуулчлалын арга хэмжээгээ хаана зохион байгуулах, цаг хугацаа нь хэзээ байх, хэн хариуцах, яаж хөгжүүлэхээ сайтар төлөвлөснөөр жуулчдыг татна хэмээн зөвлөгөөнд оролцогчдод сануулав.
Зөвлөлгөөний төгсгөлд “Аялал жуулчлалын хөгжлийн хороо”-г байгуулж, аймгийн жуулчлалын бодлогыг тодорхойлох, аялал жуулчлалын нэгдсэн хурал уулзалтууд, зөвлөлгөөнийг зохион байгуулах, гадаад - дотоод аялал жуулчлалыг холбох үүргийг хариуцуулав.
Б.Батчимэг
相关新闻