Эрдэнэбүрэн суманд үрийн аж ахуй хөгжүүлэхэд зохимжтой гэж үзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-16 10:48:04
Ховд/МОНЦАМЭ/ Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа Монгол Улсын баруун бүсэд нэмүү өртөг шингэсэн үйл ажиллагааг дэмжих төслийн хүрээнд Ховд аймгийн газар нутаг дээр байгуулж болох нэг наст ургамлын үрийн аж ахуйн төсөл болон хүнсний ногооны хүлэмжийн төслүүдийн хөрөнгө оруулалт, зах зээлийн судалгааг боловсрууллаа.
Судалгаагаар Монгол Улсын баруун бүсийн мал аж ахуйн салбар уламжлалт маллагааны арга дээр тулгуурласан, цаг уурын өөрчлөлтөөс ихээхэн хараат, сүргийн бүтэц нь алдагдсан, малын удамшил нь ядуурсан, үйлдвэрлэлд нь эрчимжсэн технологи нэвтрээгүй, механикжилт, цахилгааны хангамж сул зэрэг олон сул талуудтай байна гэж дүгнэжээ.
Дэлхийн дулаарлаас шалтгаалан байгаль орчин түргэн зуур өөрчлөгдөж гэнэтийн аюулт үзэгдлийн хэмнэл ойртож байгаа явдал нь малын зүй бусын хорогдлыг ихэсгэх магадлалтай байгаа өнөө үед уламжлалт мал маллагааны арга барил зохицохгүй болж, хөдөө аж ахуйг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Үүний гол үндэс нь баруун бүсийн аймгуудын хоорондын нягт хамтын ажиллагаа, судалгаан дээр тулгуурласан төлөвлөлт, стратеги боловсруулах явдал юм.
Баруун бүсэд услалтын системүүдийг сэргээн босгон тэжээлийн ургамал тариалах үйл ажиллагааг бизнесийн кластер маягаар хөгжүүлэх эхлэлийг тавих нь энэ төслийн эрхэм зорилго гэнэ. Өнөөгийн байдлаар байгалийн хадлан малын тэжээлийн үнэмлэхүй дийлэнх хэсгийг эзэлж байхад гар аргаар бэлтгэсэн тэжээл дөнгөж 3 хувийг эзэлж байна. Цаг уурын харьцангуй таатай байдал болон одоо байгаа усжуулалтын дэд бүтцэд түшиглэн Ховд Аймгийн Эрдэнэбүрэн сум нь баруун бүсийн аймгууд дотор малын тэжээлийн ургамлын үрийн аж ахуй хөгжүүлэх хамгийн зохимжтой байршил гэж тогтоогдсон. Тус төслийг хэрэгжүүлснээр малын тэжээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, малын гарцыг чанаржуулж, баяжуулах боломж бүрдэх юм. Төслийн нийт өртөг 7.9 тэрбум төгрөг бөгөөд хувийн салбарын санхүүжилт, гадаадын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх боломжтой гэж  хөрөнгө оруулагч талууд үзэж байна. 
                                                                                                                                 А.Бямбасүрэн


 

相关新闻