“Миний гэр бүл-миний аз жаргал” өдөрлөгөөр шилдэг гэр бүлүүдийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-16 10:19:12
Ховд/МОНЦАМЭ/Олон улсын гэр бүлийн өдөрт зориулсан “Миний гэр бүл-миний аз жаргал”өдөрлөгийг өнөөдөр Ховд аймгийн ЗДТГ, ГБХЗХГ-аас/Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар/ хамтран зохион байгууллаа. Ховд аймгийн Манлай гэр бүлүүдийг тодруулах, гэр бүлийн эв нэгдлийг бэхжүүлэх, залуу гэр бүлүүдэд үлгэр дуурайлал үзүүлэх, гэр бүлийн эерэг уур амьсгалыг бүрдүүлж шилдэг гэр бүлийг нийгэмд таниулахад чиглэгдэв.
Тус үйл ажиллагаанд Ховд аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлого хэлтсийн дарга Л.Гантөмөр, ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг, Жаргалант сумын орлогч дарга Ц.Лувсанлхамо нар болон Ховд аймгийн манлайлагч гэр бүлүүд оролцлоо. Үйл ажиллагаа ХДТ-ын уран бүтээлчдийн бэлтгэсэн урлагийн тоглолтоор эхэлж “Гэр бүлийн хөгжил хамгаалал” эрдэм шинжилгээний бага хурлаас шалгарсан ХоИС-ийн оюутан С.Батбаяр “Эрчүүдийн эрхийг хамгаалах нь”, О.Түвшинтөр “ Хосуудын харилцаанд темперамент нөлөөлөх нь”, Б.Алтансүх “Гэр бүл салалт”, ХоИС-ийн магистр багш Б.Мөнхзаяа “Цахим орчин дахь хүүхдийн эрх”, ХоИС-ийн багш Ц.Бадамцэцэг “Хүүхдийн зан төлөвийн төлөвшилд эцэг эхийн харилцаа хандлага нөлөөлөх нь”, ХоИС-ийн магистр багш Т.Эрдэнэцэцэг “Гэр бүл цуцлалтын судалгаа” илтгэлүүдийг оролцогчдод сонирхуулав.
Үүний дараагаар Ховд аймгийн ГБХЗХГ-аас санаачлан “Миний гэр бүл-Миний аз жаргал” жилийн аяныг зарлаж аймгийн хэмжээн дэх аж ахуй нэгж, албан байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудад аялуулахаар болсон юм. Эдгээр байгууллагуудыг магнайлан Ховд аймгийн ЗДТГ тус аяны цомыг байгууллагадаа 14 хоног аялуулахаар болж,“Миний гэр бүл-Миний аз жаргал” аяны цом, Монгол гэр бүлийн гал голомт үүрд мандан бадрахын бэлгэдэл болсон хүрэл тулга, мөнгөн аягыг Ховд аймгийн ЗДТГазрын дарга Б.Ганболдод ёслол төгөлдөр гардуулан өглөө.
Тус үйл ажиллагааны бас нэгэн онцлох үйл явдал нь Ховд аймгийн Манлай гэр бүлүүдийг шалгаруулах журмын дагуу 9 номинациар шалгарууллаа.Үүнд: 
Азай гэр бүл – Мухар овогтой Цэрэндоржийн гэр бүл /Ховд аймаг Зэрэг сум/
Өнөр гэр бүл- Батнасан овогтой Чингисийн гэр бүл /Ховд аймаг Дөргөн сум/
Оюунлаг гэр бүл- Чулуунбат овогтой Мөнхбаярын гэр бүл /Ховд аймаг Жаргалант сум/
Спортлог гэр бүл- Ганбат овогтой Нямандэлэгийн гэр бүл /Ховд аймаг Жаргалант сум/
Хүмүүнлэг энэрэнгүй гэр бүл- Баасанжав овогтой Мөнхбаатарын гэр бүл /Ховд аймаг Жаргалант сум/
Авьяаслаг гэр бүл- Нямдаваа овогтой Сэр-Одын гэр бүл /Ховд аймаг Эрдэнэбүрэн сум/
Баялаг бүтээгч гэр бүл- Даваа овогтой Ариунгэрэлийн гэр бүл /Ховд аймаг Жаргалант сум/
Бүтээлч хичээнгүй гэр бүл- Бат-эрдэнэ овогтой Батболдын гэр бүл /Ховд аймаг Жаргалант сум/
Байгальд ээлтэй гэр бүл- Хуваадай овогтой Ганзоригийн гэр бүл /Ховд аймаг Жаргалант сум/ тус тус шалгарлаа.
 
                                                                                                                                  А.Бямбасүрэн
相关新闻