Улиастайд замын хөдөлгөөнд оролцох дадлыг зөв хэвшүүлэх аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-05-11 17:54:28

Завхан/МОНЦАМЭ/.Завханд "Бяцхан зорчигч" аяны нээлт боллоо. Хүүхдийг зам тээврийн хэрэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийт хүүхэд багачуудад зам тээврийн осол хэргийн хор уршгийг таниулах, замын хөдөлгөөнд оролцох дадлыг зөв хэвшүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой уг аяныг сарын хугацаатай зохион байгуулах ажээ.
Аяныг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газраас хамтран зохион байгуулж байна. Аяны хүрээнд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд замын хөдөлгөөний талаарх мэдлэг олгох хэсэгчилсэн сургалт, иргэдэд мөн сургалт сурталчилгаа, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Ногоон гэрэл цагаан шугам” уралдаан, буухиа тэмцээн, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах теле цуврал мэдээлэл, нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэж эхэлжээ.  

Сүүлийн хоёр жил Завхан аймгийн хэмжээнд зам тээврийн осолд өртсөн хүүхэд байхгүй бөгөөд цаашид болзошгүй ослоос хүүхдүүдээ хамгаалахын тулд тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн талаарх мэдээллийг сайтар олгох нь чухал юм. Тухайлбал Зөрчлийн тухай хуульд эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан, арав хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн бол тухайн хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг. Иймээс бид замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцох, хүүхдүүд, жолооч нар, иргэдэд зөв дадлыг бий болгохыг уриалж гол сурталчилгаа, мэдээллийг аяны хүрээнд өгөх юм хэмээн аймгийн Цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.   

Б.Мягмарсүрэн 

相关新闻