Сурагчдад үндэсний хөгжим, ардын бүжгийн урлагийн тоглолтыг толилуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. "Төв халхын дуулалт жүжгийн театр"/ТХДЖТ/-аас хүүхэд залуучуудад үндэсний хөгжим, ардын бүжгийн талаарх анхан шатны мэдлэг олгох, тэднийг урлагт хайртай иргэн болгож төлөвшүүлэх ажлын хүрээнд энэ сарын 10-ны өдөр ЕБС-ийн сурагчдад танилцуулга лекц болон урлагийн тоглолт толилууллаа.
Тус үйл ажиллагааг ТХДЖТ-ын хамт олон жил бүр уламжлал болгон зохион явуулдаг аж. Энэ жил ерөнхий боловсролын “Мандал” сургуулийн дунд ангийн 200 гаруй сурагчийг хамруулсан байна. Мөн үйл ажиллагаанд оролцсон сурагчдын дунд асуулт хариултын тэмцээн явуулж хоёр сурагчийг 2019 оныг дуустал ТХДЖТ-ын үзвэрийг үнэ төлбөргүй үзэх эрхээр шагнажээ.
Түүнчлэн театрын зүгээс “Мандал” сургуулийн захиргаанд Монголын Урлагийн зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Ирээдүйн үзэгч” зорилтот төслийн видео хичээлийг дунд ангийн сурагчдын дуу хөгжмийн хичээлийн хөтөлбөрт оруулах санал гарган, DVD хичээлийг гардуулан өгсөн байна.
Б.Ундармаа