Ирээдүйн татвар төлөгчдөд зориулсан сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-05-08 17:26:45
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн татварын хэлтсийн тасгууд Сайнцагаан сумын төвд байрлах ЕБС-иудад сургалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд заасан урамшууллын систем болон цахим төлбөрийн системийн талаарх мэдээллийг олгож байна.

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт  зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдөр”-ийг  тохиолдуулан ирээдүйн татвар төлөгчдөд зориулан “Татвар бидний амьдралд” сургалтыг жил бүр зохион явуулж, ЕБС-иудын дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулдаг юм.  

“Жил бүрийн сургалтын үр дүнд наймдугаар анги болон түүнээс дээших ангийн сурагчдын татварын талаарх мэдлэг, мэдээлэл нэмэгдсэн. Ялангуяа цахим төлбөрийн системийн талаарх мэдээллээр маш сайн хангагдаж байна. Ингэснээр ирээдүйн татвар төлөгчдийг багаас нь бэлтгэж байгаа хэрэг юм. Бид долоо хоногийн хугацаанд сургалт зохион байгуулаад зогсохгүй Татварын ерөнхий газар, БСШУСЯ-ны байгуулсан гэрээний дагуу цаашид татварын талаарх сургалтыг үргэлжлүүлэн явуулах төлөвлөгөөтэй байна” хэмээн Дундговь аймгийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн ахлах байцаагч Ж.Баярсайхан онцлов.

Аймгийн Татварын хэлтсээс энэ сарын 7-11-ний өдрүүдэд “Татвар төлөгчдийн өдөр”-ийг  зохион байгуулж байна. Эл өдрүүдэд татварын талаарх нийгмийн боловсрол, сэтгэл зүйг төлөвшүүлэх, татвар төлөгчдийг урамшуулах зорилгоор волейболын тэмцээн, шатрын тэмцээн, “Алтан хонх” зэрэг олон үйл ажиллагааг зохион явуулахаар төлөвлөсөн байна.
Б.Ундармаа
相关新闻