Үндэсний бичиг үсгийн баяраа тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-05-06 11:18:20
Дундговь /МОНЦАМЭ/. С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн Төв номын сан, Цагдаагийн газар хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 онд гаргасан 105-р зарлигийн дагуу “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг өнөөдөр зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, МУГБ З.Цэвээнравдан, Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, ТХДЖТеатр, ГБХЗХГ-ын ажилчид, хамт олон, ЕБС-ийн сурагчид оролцсон юм. “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг Дундговь аймагт хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд нэгдүгээр шатанд ЕБС-ийн сурагчдын дунд Засаг даргын ивээл дор “Монгол бичгийн олимпиад”-ыг 2 дахь жилдээ зохион явуулжээ.

Түүнчлэн хоёрдугаар шатны хүрээнд төрийн албан хаагчид, сонирхогчдын дунд Үндэсний бичгийн хурдан уншлага, уран бичвэрийн уралдааныг зохион явуулж, тэргүүн байрын эздийг шалгаруулав. “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг угтан хоёр өдрийн турш “Үндэсний эх хэл, бичиг соёл мину” ховор номын үзэсгэлэн, “Миний Монгол бичиг” уран бичвэрийн үзэсгэлэнг уншигч, сонирхогчдод дэлгэн толилуулсан байна.
 
С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн Төв номын сангийн захирал Ц.Одончимэг, “2025 онд албан бичиг хөтлөлтийг Үндэсний Монгол бичгээр хөтлөхтэй уялдуулан үйл ажиллагаандаа төрийн албан хаагчдыг илүүтэйгээр татан оролцуулж байна. Цагдаагийн газар өнгөрсөн онд манай номын санд “Хууль эрх зүй ба цагдаа” гэсэн буланг нээж өгсөн ба соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд түүчээ болон оролцдогт нь талархаж байна” гэв.

Монгол Улсын Гавьяат багш З.Цэвээнравдан, “Хэл бол сэтгэхүйн тусгал юм. Хэлний үнэ цэнэ гурван зүйлд оршдог. Нэгдүгээрт тусгаар тогтнолын бэлгэдэл болдог, хоёрдугаарт Улс гүрнийг хөгжүүлэх үндсэн харилцаа хэлээр дамждаг, гуравдугаарт хэлний хөгжлөөр улс хөгжиж байдаг юм. Дэлхий дээр 2500 хэл байснаас 300 гаруй хэл хэрэглэгдэхээ байжээ. Тухайн хэлд гадаад үг, хэл давамгайлснаар хэл өөрөө хэрэгцээнээс гарч байна. Бид Монголын яруу тунгалаг хэл, бичгээ сурч, хэрэглэж занших хэрэгтэй. Ингэснээр эх хэл, бичгээ хамгаалж чадна" гээд үйл ажиллагаанд ирсэн хүмүүст хэлний дархан сайн манаач байгаарай хэмээн ерөөлөө.

Мөн үйл ажиллагааны үеэр Монгол хэл, уран зохиолын багш нарыг "Соёлын биет бус өв"-ийг өвлөн уламжлагчаар өргөмжлөн, батламж хадгалууллаа.

Б.Ундармаа


 
 

相关新闻