Загасны үржлийн үеийн хяналт шалгалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-01 15:18:05
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Эрдэнэбүрэн сумын байгаль хамгаалагч, сумын цагдаа, Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа хамтарч Шижигтэй хавцалд хадран загасны үржлийн үеийн хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын зөвхөн эхний өдөр гэхэд л тус хавцалд 12 машин 60 орчим хүн ирсэн байсныг бүртгэжээ.  Тэдний зарим нь хүүхэд, хөгшдөө дагуулаад агаар салхинд гарч байгаа бол зарим нь загас барихаар ирсэн байна.
Хяналт шалгалтынхан загасны үржлийн үед загас барихыг хориглосон сурталчилгааны материалыг иргэдэд хүргэж  ажиллажээ.
Хар ус нуурын байгалийн цогцолборт газар хийсэн Орос Монголын хамтарсан судалгаагаар 390 тн загасны нөөцтэй, үүнээс жилд 40-60 тн ашиглах боломжтой гэсэн судалгаа гарсан байдаг. Ийм их нөөц байгаа нь загасны өсөж үржих орчин болсон Алтайн өндөр уулын ширүүн урсгалт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Ховд голын хавцал боргио юм.
Жилийн жилд хаврын хаварт загасны үржлийн үеэр Шижигтийн хавцалд Харус нуураас 200 гаруй км усны урсгалыг сөрөн тэмүүлж үр төлөө үлдээхээр ирдэг хадран загас том том үхэр чулууны ёроолд зай завсаргүй, усыг боролтол давалгааг нэмэн бужигнадаг юм. Хадран загасны ид үржлийн үеэр ангуучид ихээр зорьж очдог бол, түүнийг хамгаалах, байгалийн сайхныг үзэх гэж хэсэг хүмүүс ч бас зорьж  очдог ажээ.
 
А.Бямбасүрэн
相关新闻