Монголд хамгийн том ширмэл ширдгийг Богд сумын малчин эмэгтэй ширжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-30 16:45:56
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Богд сумын иргэн Н.Насантогтох хэмээх бүсгүй эгч, дүү нарын хамт 24 метр урт, 180 см өргөн ширдгийг ширсэн нь Монголд хамгийн том ширмэл ширдэг болжээ. Түүний эгч, дүү нар бүгд дээл урладаг, ширдэг ширдэг уран хүмүүс бөгөөд дээрх ширдгийг 2014 онд тавуулаа нэг улирлын турш ширж байсан байна. Энэ үеэр айл саахалтын бүсгүйчүүд ч ирж тусалдаг байжээ.
Ширдгийг Өвөрхангай аймгийн “Дэлхийн өв Орхон голын нүүдэлчид аялал жуулчлал холбоо”-ны тэргүүн Ш.Батсугарын захиалгаар ширсэн нь жил бүр Олон Улсын аялал жуулчлалын “Мишээл экспо” үзэсгэлэн худалдааны үеэр дэвсэж, танхим чимдэг болсныг Н.Насантогтох ярилаа.
Тэднийх Богд сумаас 38 километрийн зайд “Угалз хайрхан” хэмээн газар хаваржин мал маллахын хажуугаар аялал жуулчлалын зочны гэр босгож, гадаад, дотоодын жуулчдад нутгийн үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин амьдралын өв соёлыг танилцуулдаг байна. Ялангуяа гадаадын жуулчид морь, тэмээ унах, утас ээрэх, дээс томох, ширдэг ширэх, цагаан идээ боловсруулахыг маш их сонирхдог аж. Н.Насантогтох гуай хэлэхдээ “Би аялал жуулчлалын сургалтанд маш олон удаа суусан. Гадаад хэлээр ганц, хоёр ч гэсэн үг хэлж сурчих гээд их л хичээдэг юм. Дээд боловсролгүй, насаараа мал дээр байсан надад дутуу дулимаг зүйл маш их байдаг” гэж байв. Тиймээс том охиноо дунд сургуулиа төгсөхөөр нь аялал жуулчлалын чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх зорилготой байгаа аж. Өрхийн тэргүүн ийг Б.Бандихүү гэнэ. Эднийх 8 хүүхэдтэйгээс хоёр нь охин, зургаа нь хүү юм.
Анх Сэрвэнгийг агуйг түшиглэн зочны ганцхан гэр барьж, дөрвөн ороор тохижуулсанд гадаад иргэд гололгүйгээр тухалж, анхны жилдээ 46 жуулчин хүлээн авсандаа урамшин Сум хөгжүүлэх сангаас дөрвөн сая төгрөгийн зээл авч, дахин гэр, хэд хэдэн ор худалдан авчээ. Гурван гэр жуулчдад хангалтай хүрэлцэхгүй байсан учраас эгч, дүүгийнхээ гурван гэрийг барьж, нийт зургаан гэртэй болсноор нэг удаадаа 20-30 жуулчин хүлээн авах хүчин чадалтай болсон байна. Зочиддоо гар урлалын бүтээгдэхүүнээ борлуулж, боломжийн ашиг олдог аж. Ямааны арьсыг элдэн сур болгож түлхүүрийн оосор хийснийг, эсгийгээр машины суудлын бүрээс ширж оёсныг гадаадын жуулчид түлхүү сонирхож худалдан авдаг гэв.
Тэрбээр 2011 онд ах дүүсээ нэгтгэн “Сэрвэн хайрхан” малчдын хоршоог байгуулж, тус бүр 100 мянган төгрөгөөр нийлэн “Дундын сан”-гийн хөрөнгө үүсгээд булаг, бэлчээрээ хаших, малынхаа ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэн аймаг, сумынхаа үзэсгэлэн худалдаанд оролцох зэргээр хамтран ажиллаж байна.
Б.Батчимэг
相关新闻