Аймгийн Ахмадын хорооны 30 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-29 19:30:55
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тус аймагт Ахмадын байгууллага бие даан хөгжсөний 30 жилийн ой тохиож байна. Аймгийнхаа хөгжил, дэвшлийн төлөө залуу насаа зориулан салбар бүртээ манлайлан хөдөлмөрлөж ирсэн ахмадууд салбарынхаа ойн баярын хурлыг зохион байгуулж, 2017 онд "Улсын тэргүүний ахмадын байгууллага"-аар шалгарсан амжилтаа тэмдэглэлээ.
Аймгийн Ахмадын хороо 1988 онд байгуулагдсан бөгөөд 2010 он хүртэл даргаас өөр орон тоогүй ажиллаж байв. 2011 онд тухайн үеийн Нийгмийн хамгаалалын яамны дэд сайд С.Чинзоригийн дэмжлэгээр Ахмадын төвийг байгуулж, чийрэгжүүлэлт, эмчилгээ, сургалт, тоглоомын өрөөнүүдийг тохижуулан техник хэрэгсэл, тавилга эд хогшлоор хангаж байжээ. Энэ үеэс эхлэн эмч, жолооч, үйлчлэгч, нягтлангийн орон тоо нэмэгдсэн байна. 2013 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Ахмад настнуудын эрх ашгийг хамгаалах, тэдний ахуй амьдрал нийгмийн хамгаалалтай холбоотой төр засгийн шийдвэрийг орон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх үүрэг бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээ авч, хуулийн албан ёсны этгээд болсон юм.

Аймгийн ИТХ-аас 2017 оныг “Ахмадаа дэмжих жил” болгон зарлаж, ахмадууд руу чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулсны дотор орон нутгийн төсвөөс 400 сая,  улсын төсвийн хөрөнгөөр  467 сая төгрөг төсөлвлөн Ахмадын өргөөг байгуулсан. Аймгийн Ахмадын хороо нь өдгөө найман орон тоотойгоор 10 гаруй мянган ахмад настанд төрийн хууль, тогтоомж, шийдвэр,  Монголын ахмадын холбооны дүрэм, үйл ажиллагааны хөтөлбөр, нутгийн захиргаа, өөрийн байгууллагаас гаргасан дүрэм, үйл ажиллагааны хөтөлбөр, журам, шийдвэрүүдийг орон нутагт хэрэгжүүлэн хүргэж байна.
Б.Батчимэг
相关新闻