Оюу толгойн гэрээг өөрчлөх эсэх талаар олон нийтийн санал асуулга явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-27 18:10:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим ертөнцөд нэгдсэн “Дархан Монгол нэгдэл”-ээс Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто Интернэйшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 онд байгуулсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх эсэх талаар олон нийтийн санал асуулга зохион байгуулж байна.

Уг санал асуулгыг зохион байгуулж буй иргэн Ц.Чинбат, “Оюу толгойн гэрээг Монгол Улсад ашиггүй байгуулсан гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тухайлбал, Оюу толгой компани 2017 онд Монгол Улсад 283 тэрбум төгрөгийн татвар төлсөн байхад “Эрдэнэт үйлдвэр” 518 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн байна. Мөн Оюу толгойд ажиллаж байгаа монголчууд эх нутагтаа байгаа боловч гадаад ажилтнуудаас бага цалин авч байгаа. Энэ мэтээр монголчуудад өгөх үр ашиг бага байна. Үндсэн хуульд “Монгол Улсын газар дээрх болон газар доорх баялаг ард түмний мэдэлд байна” гэсэн заалт бий.  Тиймээс цахим ертөнцөд нэгдсэн “Дархан Монгол нэгдэл” Оюу толгойн гэрээг цуцлах, өөрчлөх болон одоо байгаагаар нь үргэлжлүүлэх гэсэн гурван чиглэлээр өнгөрсөн долоо хоногоос эхлэн санал асуулга явуулж байна. Санал асуулгыг өнөөдөр 19.00 цагт дуусгаж, Оюу толгойн гэрээг шалгах УИХ-ын Ажлын хэсэгт хүргэнэ. Санал асуулгын дүнд ямар нэгэн шаардлага, албан бичиг боловсруулахгүй. Энэ гэрээний талаарх монголчуудын байр суурийг л ажлын хэсгийнхэнд танилцуулах зорилготой. Одоогоор 5000 иргэн саналаа өгөөд байна” гэлээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
相关新闻