Ш.Батсүх: Газар тариалангийн чиглэлээр гадаадын иргэн, аж ахуйн нэгж оруулж ирэхгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймагт Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам дээр хятад иргэд ирж ажиллаж байна. Харин зарим иргэн ногоо тарихаар хятад ажилчид орж ирж байна гэсэн ойлголттой байгаа учир аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхээс энэ талаар тодрууллаа.
-Манай аймагт хятад иргэд ногоо тарихаар ирж, цахимаар Ховд аймаг цагаачдын нутаг болох нь гэх мэт цуу яриа гарч иргэд эмзэглэж байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Ховд аймагт тавигдаж байгаа “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд уг ажлыг гүйцэтгэгч компаниуд нь Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу хятад ажилчид ажиллуулж байгаа юм. Тухайлбал, Шургын гүүр-Ховд чиглэлийн 53,9 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын хүрээнд БНХАУ-ын “Эйч Кэй Би Интернэшнл Холдинг” ХХК гэрээний дагуу 200 хятад ажилтан оруулж ирэх ёстойгоос одоогоор 109 ажилтан оруулж ирсэн байна. Харин Хашаатын даваа-Шургийн гүүрний чиглэлийн 50 км, Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам буюу нийт 110 км автозамын барилгын ажил гүйцэтгэх “Чайна Хуаши Энтерпрайзис Лимитед” ХХК нь 450 ажилтан оруулж ирэхээр гэрээ байгуулсны дагуу өнөөдрийн байдлаар 88 ажилтан оруулж ирээд байна. Энэхүү нөхцөл байдал нь санхүүжүүлэгч буюу гүйцэтгэгч байгууллагын хувьд ажиллах хүчээ өөрийн улсаас авах тухай гэрээнд тусгасны дагуу оруулж ирсэн байна.
-Баруун бүсийн босоо тэнхлэгийн зам дээр монгол иргэд ажиллаж байгаа юу? Байгаа бол хичнээн ажилчин ажлын байраар хангагдсан бэ?
-Манай аймгийн удирдлагууд БНХАУ-ын “Эйч Кэй Би Интернэшнл Холдинг” ХХК-д орон нутгийн иргэдийг тус төсөл дээр ажиллуулах тухай шаардлага тавьж ирсэн. Өнгөрсөн жилүүдэд гарч байсан зөрчил дутагдлуудад анхааруулга өгсний дагуу энэ жил 50 гаруй монгол ажилтан Бичигтийн хөтлөөс-Шургын гүүр хүртэлх зам дээр ажиллаж байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлж ажиллахаа дээрх компанийн зүгээс мэдэгдэж, аймгийн Хөдөлмөр, Халамж, Үйлчилгээний Хэлтэст ажлын байрны захиалга өгөөд байна.
-Тэгвэл ховдчуудын эмзэглээд байгаа ногоо тарихаар хятад иргэд ирсэн гэдэг нь үндэслэлгүй мэдээлэл гэж ойлгож болох уу?
-Ховдчуудын хувьд газар тариалан эрхэлж ирсэн олон жилийн туршлагатай ард түмэн. Тэр дундаа зөвхөн Ховд аймаг төдийгүй баруун аймгуудын хүнсний ногооны зах зээлийг хангаж ирсний хувьд гаднаас болон гадны аль нэг улсаас энэ чиглэлээр бизнес буюу газар тариалан эрхлэх иргэн, аж ахуй нэгж оруулж ирэхгүй. Учир нь газар тариалангийн энэхүү салбар бол Ховд аймгийн иргэдийн зах зээлийн томоохон хувийг эзэлдэг салбар юм. Тиймээс бид зах зээлээ хэзээд хамгаалах бодлого барин ажиллах болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
А.Бямбасүрэн