Зуны улирал "зугатаад" байна уу?

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-04-26 15:33:25
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн нутгаар сүүлийн хоёр жил хур бороо, цас бараг ороогүй гэж хэлэхэд болно. Өнгөрсөн жилийн зун аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төв 3-4 удаа үүл буудсан боловч нэг ч удаа бороо ороогүй. Байгаль дэлхий гангийн байдалтай байсан учир тус аймгийн Чандмань, Зэрэг, Дарви, Дөргөн сумын малчид зуны дэлгэр цагт бараг бор цай ууж, мал ногоонд цадаагүй учир хүйтний ам наашлангууд мал нь өлдөж хорогдсон, олон өрх айл хотоо харлуулсан юм.
Өнгөрсөн жил зуншлага наймдугаар сарын 20-ны байдлаар гэхэд нийт нутгийн 10 орчим хувьд хэвийн, 70 орчим хувьд гандуу, 20 гаруй хувьд гантай байсан нь ургацын хэмжээ бага байх, мал тарга хүч дутуу авах, өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтрэх, бэлчээрийн нөөц хүрэлцээ муу, малын тоо толгой хэт ихэссэний  улмаас мал өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл бүрдсэн байна. 
Өнгөрсөн өвлөөс хойш хаврын урь ормогц хүчтэй шороон шуурга шуурч, манай нутагт дусал ч чийг ороогүй 3,4 сарыг үдэж, хүн малгүй агаарын хэт хуурайшилтад сульдаж байна. Аймгийн хэмжээнд нийт 79 багийн нутгаар бэлчээрийн даац, багтаамжийн хэмжээг тодорхойлсон байдлаас харахад нийт нутгийн  5 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 17 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 10 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 63 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.
Уур амьсгал хэт хуурайшилттай байгаа учраас хүүхэд хөгшидгүй, ханиад, харшил өвчин бараг дөрвөн улирал дамнадаг боллоо. Хөдөөд шинэ төрсөн нялх ботго хув хуурай шороон хөрсөн дээр, хүчтэй хуй салхинд туугдан хөл дээрээ арай ядан тэнцэж байгаа нь харагдлаа. 
Уур амьсгал таагүй өдөр бүр шуурч, хэт халж, хэт хүйтэрч, цаг тавирахгүй байгаа учраас хүний сэтгэл санаа дагаад хямарч байна. Дээр нь аймаг орон нутгийн төрийн тогтворгүй байдал олон олон хүлээлт үүсгэж ажил удаашруулж байгаа ажээ. Дээр нь хаврын урь ормогц мах, ногооны үнэ нэмэгдчихдэг. Ховд хотын гудамж талбайгаар явж байгаа зарим  хүмүүсийн царай  нь тун баргар, гартаа ганц нэг талх, ундаа барьж бараг гуйвах шахуу явааг харж байна. Өвгөд хөгшид урин дулаан өдрүүдэд агаар салхинд гарч нарлах өдрийг байгаль дэлхий бидэнд бараг өгөхгүй байна. Байр орон сууцтай, унах унаатай боломжийн амьдралтай хүмүүс энэ үзэгдлийг ажрахгүй л дээ. Жирийн бор гэрт амьдарч, ажил орлогогүй хоног төөрүүлж, өдрийн хоолны төлөө тэмцэж яваа хүмүүст уур амьсгалын өөрчлөлт, агаарын хэт хуурайшилт эрүүл мэнд, аж амьдралд нь шууд сөргөөр нөлөөлж байна. Манай аймаг Булган, Ховд, Буянт, Мянгад зэрэг газар тариалангийн гол бүс нутгуудад 3000-аад тариаланчтай, нийтдээ 2300 га талбайд тариалалт хийж, жилдээ 20-22,0 тн ургац хураан авдаг. Дотоодын хүн амын хүнсний хэрэгцээг хангахад зохих хувь нэмэр үзүүлдэг юм. 
Бидний ажигласнаар 1997-2000 оны үед хавар дөрөвдүгээр сарын эхээр ногоочид талбайгаа бордоод хүнсний ногоогоо тарьчихдаг, мал ногоонд цадаж шинэ тараг сүү гарчихдаг байсан юм. Ялангуяа 2015-2017 оноос хойш ажиглаад байхад хавар 4 сар дуусаад, 5 сар эхэлж байхад газар тариалангийн асуудал бараг яригдаж эхлээгүй байна гэхэд хилсдэхгүй, сүү, тарагны бараа ч харагдаагүй байна. Хий дэмий л цаг тавирахыг хүлээж тэвчихээс өөр ямар ч үйлдэл үзүүлж чадахгүй жилээс жилд дөрвөн улирлын сайхан өнгө  төрх “хачин” болоод байна. Хавар нь хуурай шуурга, зун нь хэт халалт, намар нь шуурга, өвөл нь намар шиг тогтуун байснаа хэт хүйтэрч байгалийн ая араншин тааж төсөөлөхгүй аргагүй болоод байна.
Байгаль цаг уурын энэ давагдашгүй өөрчлөлт ялангуяа баруун бүс нутаг тэр дундаа Ховд аймгийн нутгаар илүү их ажиглагдаж байна. Зарим албан бус эх сурвалжийн ярьснаар хил залгаа ОХУ, БНХАУ шинжлэх ухаан технелоги өндөр  хөгжсөн болохоор үүл хуримтлууж, манай аймгийн нутаг дэвсгэрт хур тундас орох боломж өгөхгүй байгаа гэлцэх юм. Хэрвээ тийм байдаг бол Ховд аймгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд дээрх хоёр улсын Элчин сайдын яам, шинжлэх ухааны байгууллагад хандвал ямар байдаг юм бол доо. Энгийнээр хэлэхэд Эрдэнэт хот бурхантын хөндийд зун айлсчихсан байхад манай аймгийн нутаг “зуны улирал” түгжигдсэн мэт хув хуурай салхи, гандуу элсэн хөрс цаанаа л гундуу. Нялх ногооны үнэр ханхийх тэр мөчийг хүн малгүй тэсэн ядаж хүлээсээр байна.
                                                                                                                                            А.Бямбасүрэн
 

相关新闻