“Тогтвортой хөгжлийн боловсрол - Манай цэцэрлэгт” өдөрлөг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-04-26 08:31:00
Ховд/МОНЦАМЭ/ Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, эцэг эхчүүдтэйгээ хамтран ажиллах, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогийг эцэг эхчүүдэд танин мэдүүлэх, цэцэрлэгийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаандаа эцэг, эхчүүдийг татан оролцуулах, тэдний дэмжлэгээр хүүхдийн сурах, хөгжих орчныг сайжруулах, бусад цэцэрлэгийн эрхлэгч, багш нартай туршлага солилцох зорилгоор Ховд аймгийн  Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэг “Тогтвортой хөгжлийн боловсрол - Манай цэцэрлэгт” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг хийв.
Тус нээлттэй хаалганы өдөрлөгт аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Боловсрол, соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү, Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч О.Тунгалаг болон аймгийн төвийн бүх цэцэрлэгийн эрхлэгч, багш нар, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцсон юм.
Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэг  энэ хичээлийн жилд 150-170 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. 23 багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Тус цэцэрлэг нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд STEM буюу техник сэтгэлгээ, байгаль шинжлэлийн ухаанд тулгуурласан хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх сургалт, англи хэлний анхан шатны сургалт, цаасан урлал, цэцэг, хүлэмжийн ногоо тарих, арчлах арга зүйн сургалт, хүмүүжлийн ажлыг тогтмол зохион байгуулдаг.
Өдөрлөгийн үеэр 14 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүд “STEM” сургалтын үзүүлбэр, ахлах бүлгийн хүүхдүүд “Англи хэл”-ний урлагийн тоглолт, дунд бүлгийн хүүхдүүд “Уран гимнастик”-ийн үзүүлбэр үзүүллээ.
Мөн “Цэцэгт орчин” сэдэвт төрөл бүрийн цэцэгсийн үзэсгэлэн, шагайн гэр, ногоо тариалалтын хүлэмжийг танилцуулж, хүүхдийн хоолны үзэсгэлэн, амталгаа явуулж, оролцогчдоос санал асуулга авлаа. Үүнээс гадна “Бага насны хүүхдийн эцэг эхтэй хамтран ажиллах нь” сэдэвт сургалт зохион байгуулж, эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө өгч ажилласан юм.
Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч О.Тунгалаг  “Манай цэцэрлэг байгуулагдаад 1 жил 6 сар гаруй хугацаанд нэлээд олон ажлыг санаачлан хийж байна. Хамт олны маань 95.5 хувь нь 33-аас доош насны залуу үеийнхэн юм. Тиймээс хамт олныг багаар ажиллах чадвартай болгох, туршлага хуримтлуулах, бага насны хүүхдүүдийг зөв хандлагаар төлөвшүүлэх үүднээс ахмад, туршлагатай зөвлөх багш нарыг урьж ажиллуулж байна. Мөн тогтвортой хөгжлийн бодлогыг цэцэрлэгийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хүүхдийн хөгжих анхан шатны хэрэглэгдэхүүн болох тоглоомыг шагайгаар төрөлжүүлсэн бөгөөд гарын доорх материал ашиглан цаасан урлал хийх аргачлалыг хүүхдүүдэд зааж байна” гэв.
                                                                                                                        А.Бямбасүрэн
相关新闻