“Нэг сургууль–Арван клуб” аяны хаалтын ажиллагаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-04-25 14:39:51
Дундговь /МОНЦАМЭ/. Хүүхдийн өөрөө удирдах байгууллагуудыг бий болгох, хөгжүүлэх зорилгоор 2017-2018 оны хичээлийн жилд зохион байгуулсан “Нэг сургууль – Арван клуб” аяны хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Адаацаг, Гурвансайхан сумдын нийт есөн сургуулийн 90 клуб ажиллуулж  1931 хүүхдийг хамруулсан байна.

Тус аяныг Дундговь аймгийн ГБХЗХГ, БСУГ, Дэлхийн зөн ОНХХ хамтран зохион байгуулсан бөгөөд өнөөдөр аяны хаалтын үйл ажиллагаа боллоо. Арга хэмжээний үеэр клубын гишүүд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулан, туршлага солилцож, зохион байгуулагчдын зүгээс шилдгүүдийг шалгарууллаа.

ГБХЗГХГ-ын Хүүхдийн хөгжил, оролцоо, зуслан хариуцсан мэргэжилтэн Д.Энхтамир хэлэхдээ, “Бид “Нэг сургууль – Арван клуб” аянг Өвөрхангай аймгийн сайн туршлагаас суралцан нутаг орондоо хэрэгжүүлсэн. Хүүхдийн өөрөө удирдах байгууллага буюу клуб, бүлгэмийг дэмжин ажиллуулснаар хүүхдийн төлөвшил, хүмүүжилд эерэгээр нөлөөлж, хүүхдийн өөртөө итгэх итгэлийг бий болгож буй нь давуу тал юм. Түүнчлэн аймгийн хэмжээний 19 сургуульд хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.



“Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн “Өсвөрийн аврагч” клубын алхагч Э.Удвал ярихдаа, "Манай клуб 27 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. “Өсвөрийн аврагч” клуб нь Дэлхийн зөн ОНХХ, Гал түймэр унтраах, аврах 25-р ангитай хамтран ажилладаг. Бидний давуу тал нь тайлан, илтгэлийг хүүхдүүд өөрсдөө тавьж, салаа болж хуваагдан, багийн системээр үйл ажиллагаагаа явуулдаг. Өнгөрсөн хугацаанд сургуулийнхаа сурагчдын дунд “Амжилтаа бүтээхэд хамтдаа” сургалт, “Дэвжээ” тэмцээн зэргийг зохион байгуулсан бөгөөд Онцгой байдлын газартай хамтран баруун бүсийн бүх сумдаар явж туршлага судласан" гэв. 



“Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн “Шидэт бийр” клубын ахлагч Ж.Пүрэвсүрэн ярихдаа, "Бид клубынхээ гишүүдийг чадваржуулах сургалтыг зохион байгуулдаг. Мөн сургуулийнхаа дунд ангийнхны дунд Монгол бичгийн уншлага, бичлэгийн тэмцээн, Музейтэй хамтран уран бичлэгийн үзэсгэлэнг зургийг зохион байгуулсан. Мөн “Шидэт бийр” клубын сурагчид Дундговь аймгийн Монголд бичгийн тэмцээний эхний 3 байрыг эзэлсэн амжилтыг гаргаад байна"



МГС-тай “Цэгц билиг” сургуулийн “Загвар дизайн” клубын сурагч Б.Ихболд ярихдаа, "Манай клуб дунд, ахлах ангийн 10 сурагчаас бүрддэг. Бид өнгөрсөн сард болсон Дундговь аймгийн техникийн төрөлжсөн олимпиадад 4 бүтээлээр оролцсоноос 2 алтан медаль, 2 мөнгөн медаль авсан. Мөн 5 сард болох Улсын олимпиадад оролцохоор бэлдэж байна. Манай клубын хүүхдүүд бүтээлч, гарын дүйтэй болдог" гэв.

“Нэг сургууль–Арван клуб” аяныг сургуулийн захиргаа, багш ажилчид, эцэг эхчүүд маш нааштайгаар хүлээн авч, хамтран ажилласныг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.
 
Б.Ундармаа
相关新闻