Цагааннуурын боомтыг уртасгасан цагаар ажиллуулахыг зөвшөөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-25 12:09:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуурын боомтыг зорчигч, тээврийн хөдөлгөөн нэмэгдсэн тохиолдолд талууд урьдчилан мэдэгдэж цаг сунган ажиллуулах асуудлыг Гадаад харилцааны яамнаас зөвшөөрсөн байна.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржанд энэ сарын 17-ны өдөр ирүүлсэн албан бичигт: "Монгол, Оросын «Цагааннуур-Ташанта» боомтыг үйл ажиллагааг өргөжүүлэх, цагийн хуваарийг сунгах асуудлыг "Хилийн боомт болон Монгол-Оросын Улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны улсын Засгийн газар хоорондын 1994 оны хэлэлцээр"-т заасны дагуу хоёр улсын хилийн тухайн хэсгийг хариуцсан хилийн Бүрэн Эрхт Төлөөлөгчийн уулзалтыг хилийн хяналтын бусад байгууллагын төлөөлөгчдийг оролцуулан өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулав. Дээр дурдсан уулзалтаар тухайн боомтын зорчигч, тээврийн хөдөлгөөн нэмэгдсэн тохиолдолд талууд урьдчилан мэдэгдсэнээр боомтыг 09:00-21:00 цагийн хооронд цаг сунган ажиллуулахаар тохиролцов" гэжээ.

Цагааннуур боомтын 2017 оны зорчигч, ачаа тээврийн хөдөлгөөний мэдээгээр хоногт дунджаар 250-320 зорчигч, 90-110 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг аж. Харин аялал жуулчлалын улирал эхэлж, Казахстан Улс руу гарах, ирэх зорчигчдын хөдөлгөөн нэмэгддэг зуны 6-8 дугаар саруудад  боомтын ачаалал ихэсч, тээврийн хэрэгслийн урт дараалал үүсэх, иргэд удаан хугацаагаар хүлээх зэрэг хүндрэлүүд гардаг байсныг ийнхүү шийдвэрлэсэн байна.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Баян-Өлгий аймаг, ОХУ-ын Алтайн хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн өнгөрсөн сарын 29-ний өдөр болсон уулзалтаар цаг сунган ажиллах асуудлыг хэлэлцэж тохирсон бөгөөд хоёр улсын Гадаад харилцаа эрхэлсэн яамд харилцан зөвшилцөж эцэслэн баталгаажуулахаар хүлээгдэж байсан юм.

Ө.Нурболат

相关新闻