Цагдаагийнхан бүтээн байгуулалтад гар бие оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-04-22 19:25:17
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын хамт олон өөрсдийн идэвхи санаачилгаар хэд хэдэн бүтээн байгуулалтыг хийгээд байна.
Энэ оныг аймгийн хэмжээнд бүтээн байгуулалтын жил болгон зарласантай холбоотой тус аймгийн Цагдаагийн газар нь иргэд хүлээн авах танхим, 80 жилийн үүх түүхийг хадгалсан үе үеийн цагдаагийн албан хаагчдын эдэлж хэрэглэж байсан эд материал, бичгийн хэрэгсэл зэргээр түүхэн уламжлалын танхимыг байгуулж, бүх албан хаагчиддаа түүхийн болон оюуны томоохон хөрөнгө оруулалтыг хийлээ. Бүтээн байгуулалтын жилд 26  бүтээлч ажлыг төлөвлөж эхнээсээ ажил хэрэг болгон хэрэгжүүлж байна. 2017 онд Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын үр дүнд гэмт хэрэг зөрчлөөс үүдсэн хохирол 3 дахин буурсан байна. 
Тус Цагдаагийн газар нь орон тооны хувьд 14 дутуу байна. Тодруулбал 185 алба хаагч байхаас одоогийн байдлаар 177 албан хаагч үүргээ гүйцэтгэж байгаа юм. Цагдаагийн алба хаагчдын амьдарч буй нөхцөл байдлыг судалж үзэхэд 177 алба хаагчаас түрээсийн хашаа байшинд 20, түрээсийн байранд 12, хамаатан садныдаа 8 алба хаагч амьдарч байгаагийн зэрэгцээ цалингийн зээлтэй 124, орон сууцны зээлтэй 13 байгааг харахад яах аргагүй цагдаагийн алба хаагчдын амьдрах орон байрны асуудлыг бодлогоор шийдэх цаг болсон гэдгийг харуулж байгаа юм. Хэдийгээр зээлтэй, түрээсийн байранд амьдардаг ч тэд гэмт хэрэг зөрчил, түүнээс үүдсэн хохирлыг хоёр дахин бууруулж чаджээ. 
Д.Мишигсүрэн
相关新闻